top of page

Отрядын Гүндэгмаа “Олимпийн Гүндэгмаа” боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, О.Гүндэгмаа одоогоор буудлагын баг тамирчдаас анхны бөгөөд цорын ганц олимпийн эрхийг аваад байгаа. Тав дахь олимпдоо онч сорьж, дөрвөн жилийн өмнөх мөнгөн медалийнхаа өнгийг хувиргахаар шамдан бэлтгэл сургуулилтаа хийж буй түүнтэй манай сурвалжлагч уулзаж ярилцжээ. 
 

ЭХЛЭЛ 


Спортын хүрээнийхэн хийгээд спорт сонирхогчид Отрядын Гүндэгмааг андахгүй. Түүнийг буудлагын Гүндэгээ гэж байснаа баатар Гүндэгээ гэлцэх болсон нь 2008 оны олимпийн дараахнаас эхэлсэн түүх. Их наадмаас үүдэлтэй тодотголтой нь холбогдуулан олимпийн замналаас нь яриулснаа эхлээд сийрүүлье. 

-Лондоны олимпод оролцох бэлтгэлээ хийж байгаа минь энэ. Манай Л.Ундралбат дасгалжуулагчийн санаачилга, хөдөлмөр зүтгэлээр “Аварга” клуб байгуулагдаж, бэлтгэл дасгалыг таатай нөхцөлд хийх боллоо. Та бид хоёр өнөөдөр чухам юуны тухай ярилцах болж байна даа. 

-Олимпийн наадмын сэдвээр голломоор байна. Өөрөө дөрвөн ч олимпийн наадамд оролцсон тамирчин. Зүгээр ч нэг оролцоогүй, дөрвүүлэнд шигшээд шалгарч, сүүлийнхээс нь мөнгөн медальтай ирсэн баатар. Атлантын алтан олимпод анх оролцсон дурсамжаа дэлгэвэл яасан юм бэ? 

-Миний анх оролцсон олимпийн наадам “Атланта-96”. Тэр үед Атлантыг гурван сая орчим оршин суугчтай гэж танилцуулж байсан. Олимпийн үеэр зочин гийчин, тамирчид нэмэгдээд хотын ам бүл бараг таван саяд хүрсэн гэж сонссон. Хийн буудлагын тэмцээн 1996 оны долдугаар сарын 21- нд болоход Д.Мөнхбаяр эгч 377, би 372 онолоо. Тав хоногийн дараа спорт гар бууны 25 мийн тэмцээнд би 681,3 оноогоор V байр эзэлж, монголчуудын хэлдгээр “айрагдсан”.

-Дараагийн олимп болтол дөрвөн жил хүлээнэ гэдэг удаан хугацаа. Харин шаргуу ажилтай, бэлтгэлтэй тамирчны хувьд? 

-Ер нь хурдан өнгөрнө шүү. Сиднейн олимпод хийн буудлагаар IX, спорт гар буугаар шагналт VI байрт шалгарсан. Монголын баг тамирчид тэр жил медальгүй ирж, спорт сонирхогчдоо гомдоосон тал байж магадгүй. Нөгөөтэйгүүр энэ нь асар их хөрөнгө хүч, хөдөлмөр зарж, эв нэгдэлтэй байсны дүнд олимпоос медаль авчирдгийг хүмүүст ойлгуулсан байх. Би л гэхэд дасгалжуулагчгүй Сиднейд очсон шүү дээ. Шигшээд нэгээр шалгарсан тамирчин 590 онож, олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байхад минийх есөөр дутуу буюу 581. 

-Афины олимпоос чамайг ямар нэг медальтай ирнэ гэж найдаж, хүлээсэн хүн олон байсан. Наадмын өмнө тивийн аварга болж, оюутны ДАШТээс хоёр ч алтан медаль хүртэж, олимпийн дээд амжилт 590 оноогоо ч оноод үзчихсэн байсан үе...

-Тийм ээ, тэр медаль, тоонуудын тухай ахин дахин яриад яах вэ. 2004 онд медаль авах зорилготой, итгэлтэй явсан. Зорилго бол тамирчин болгонд байдаг. Харин итгэлтэй байсан минь бодит амжилттай минь холбоотой. Олимпийн өмнө үнэхээр сайн буудаж байлаа. Онгирч байна гэж битгий бодоорой (инээв). Сиднейн олимпийн үеэр тогтоосон дээд амжилт 590 оноог нэг бус онож үзлээ. Хувийн дээд амжилтаа 592 болгож ахиулсан. Харамсалтай нь мөрөөдсөөр очоод олимпийн медалиас мултарсан. Сэтгэлээ засах юм гэвэл шувтаргын шигшээ буудлагад шалгарч, гурав дахиа их наадмын шагналт байрт багтсан минь. Харин Бээжингийн олимпийн тухай дэлгэрэнгүй ярих хэрэг байна уу даа гэхэд нь “Арай мартчихсан юм биш биз” гэвэл нэлээд удаан инээж байснаа үргэлжлүүлэн ярьсан юм.

АЗИЙНХАНТАЙГАА ӨРСӨЛДСӨӨР ДЭЭД АМЖИЛТЫН ЭЗЭН

Монголын Гүндэгмаа Ази тивд бүр өнгөрсөн ХХ зуунд, хүүхэд ахуйдаа нэрээ цуурайтуулж эхэлсэн намтартай. Буудлагын спортоор хичээллэж эхлээд дөнгөж гурван жилийн дараа Индонезийн Жакартад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1995 онд мөнгөн медаль зүүгээд ирсэн удаатай. Тэгэхэд аав Б.Отряд нь ихээхэн баярлаж “Охиноо спортод уруу татсаны хэрэг бүтэх нь” гэж ярьж билээ. Тэр цагаас хойш тивийн аварга, Азийн наадмаас авсан 10 гаруй медаль нь тус бүр нэг түүх өгүүлэх. Тэдгээрийн төлөөлөл болгож цөөн дурсамж өгүүлье. О.Гүндэгмээ 2004 оны хоёрдугаар сард Малайзын КуалаЛумпур хотод болсон Азийн АШТээс хийн гар буугаар 691.1 онож, тэргүүн байр эзлэхдээ мөнгө, хүрэл медаль хүртсэн БНХАУ-ын тамирчдыг 3-5 оноогоор орхив.

Мөн багийн амжилтаараа тивийн аваргын алтан медальтай. Бас 2005 оны намар Тайландын Бангкокт О.Гүндэгмаа (380) , Ц.Мөнхзул (378), Д.Баярмаа (369) нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын хийн гар бууны баг тивийн аварга болсон түүх бий. Энд түүний тивийн хэмжээний амжилтаас тоймлон өгүүлж байгаа учраас бас нэг сайхан мэдээллийг дурдъя. Спорт гар бууны дээд амжилтын жагсаалтыг гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат 2009 онд бичсэн “Аваргуудын сэтгэл зүй, ур чадварын нууц” номондоо оруулсан нь бий. Тэнд бичсэнээр спорт гар бууны 25 м-ийн Азийн дээд амжилтыг 592+204,5=796,5 оноогоор эзэмшигч нь Гүндэгмаа (Монгол) гэсэн нь бий. Дээрх хөдөлмөрөө тэрбээр 2005 оны аравдугаар сарын 27-нд үнэлүүлж, Монгол Улсын гавьяат тамирчин болсон билээ. 

 

ДЭЛХИЙН МЭРГЭЧҮҮДТЭЙ ЦЭЦ СОРЬСООР ХУРААСАН АЛТ, МӨНГӨ 


1996 онд алс холын Латин Америкаас (Куба, Гавана) О.Гүндэгмаагийн авчирсан дэлхийн чанартай анхны мөнгөн медаль “дүү” нар талийж өгсөн байна. Америк тивээс дахиад 2011 оны тавдугаар сард мөнгө авчирлаа. Энэ нь жирийн нэгэн медаль биш. АНУ-ын Форт-Беннин хотод болсон тэрхүү Дэлхийн цомын тэмцээнд спорт гар бууны 25 м-ийн дасгалд 789,8 оноогоор 79 тамирчнаас хоёрдугаар байр эзлэн, Лондоны олимпод оролцох замаа шулуутгаад ирэв. Тодруулбал 1996-2011 оны хооронд дэлхийн тэмцээнээс Гүндэгээ 30 гаруй медаль авчээ. Тамирчид медалийнхаа тоог яс хэлж, ярих дурамжхан байдгийг гадарладгийн хувьд энд тойм тоо бичлээ. Дэлхийн цомын тэмцээн жилдээ дөрөв болдог ч орон орны сайчуул цугларсан галын шугам дээр амжилт гаргах амаргүй ээ. Гүндэгмаагийн хувьд 2004 онд Бангкок, Сидней, Афинд болсон цомын тэмцээнээс дараалан алтан медаль ачаалж, хойтон нь Чанвонд 592+204,5=(796,5) аман хүзүүдэж, Миланд (592+203=795) түрүүлж алт авсан мэргэнмаа. 592 оноо бол Монгол Улсын дээд амжилт.

Хэмжигдэхүүнтэй спортоор хичээллэгч тамирчны тухай бичихэд үе үе тоо өрөх хэрэг тулах юм даа. Харин Дэлхийн супер цомын тэмцээнийг жилд ганцхан удаа зохион байгуулдаг журамтай. Тэнд шилдгийн шилдгүүдээс шигшиж урина. Гүндэгмаа хэдэнтээ уригдаж, дөрвөн ч медаль авчээ. Өөрөөр хэлбэл наанадаж дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ дөрвөн жилийн турш нотолсон. 2006 оны намар Испанийн Гранада хотод болсон супер цомын тэмцээнд Монголын О.Гүндэгмаа түрүүлж, Хятадын Чень Ин аман хүзүүдсэн тухай мэдээг сонсоход сайхан байсансан. Супер цомын тэмцээн ийн жил болгон зохиогддог байхад ДАШТ дөрвөн жилд нэг тохионо. 1998 онд багийн тэмцээнд III байр эзэлж, дэлхийн аваргын анхны медалиа 20 настайдаа зүүсэн охин найман жилийн дараа хувийн амжилтаараа медалиа ихэрлүүлээд амжив. Мөн 2003 онд Чехийн Плзеньд болсон оюутны ДАШТ-ээс хошой алтан медальтай ирснийг хэлэх нь зүйд нийцэх болуужин. Хошой алт гэдэг спорт буугаар ч, хийн буудлагад ч онцгой цэцэн оносныг илэрхийлнэ. Хос буутай аварга даа.

ИНГЭХ ГЭЭД БАЙСАН ЮМ АА

“Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын эхний таван өдөр манай баг тамирчдаас медалийн чимээ гарсангүй. Харин наймдугаар сарын 13- нд спорт гар бууны 25 м-т онч сорьсон шилдэг буудагчдаас найм нь медалийн төлөө, цаашлаад олимпийн аварга болохын төлөө 20 сум буудахаар шалгарч үлджээ. Оноогоороо тэдний тэргүүнд Монголын мэргэн бууч, Отрядын Гүндэгмаа зогсож байна. Тэрбээр урьдчилсан үндсэн буудлагадаа 590 оноосон юм. Зурагтаа үзэж суутал Гүндэгмаагийн бууны сум гацсан гэлцээд эхлэв. Аймаар юм шиг, гайхмаар юм шиг... Ямар ч байсан олимпийн их наадмаас алт шиг мөнгөн медаль авлаа. Ингэх гээд байсан юмаа, тэр. Алт шиг гэдгээ тодруулах учир байна аа. 

Монголын тамирчид 1980 оны Москвагийн их наадмаас хойш зүүж үзээгүй мөнгөн медалийг 28 жилийн дараа Бээжингээс авав. Чингисийн Монголын тамирчин хүүхнүүдээс анх удаа олимпийн мөнгөн медалийг тэр энгэртээ гялалзуулав. Ер нь түүний амжилт олимпоос олимпод ахисаар өдий хүрсэн. Ахисаар ирснийг нь Атлантад 580, Сиднейд 581, Афинд 583, Бээжинд 590 оносон баримтууд бэлхнээ илэрхийлнэ. Гүндэгмаагийн хувьд 592 оноогоор хэд хэдэн алтан медаль авчихсан тамирчин. Олимпийн наадмаар монгол түмнээ ингэж нэг баярлуулах гэж хичээсний, түмэн олон ч итгэж хүлээсний үйлс бүтэх нь тэр. Булган сүүлтэй тамирчны маргааш нь Монгол Улсаас олимпийн алтан медальтны түрүүч гараад ирсэн нь бүр ч гайхалтай. Гүндэгмаагийн амжилтад Монгол түмэн яаж баярлаж байсныг зах зухаас тодотгоё.

“Монгол ньюс”–ийн цахим хаягаар ирсэн мэдээнүүдийг “Өнөөдөр” сонин 2008 оны наймдугаар сарын 16-ны 189 дүгээрт тэргүүн нүүрнээсээ эхлэн нийтлүүлсэн бий. Бээжингийн их наадмаас Монголын тамирчдын анхны медаль авсан О.Гүндэгмаад хандсан олон сэтгэгдэл гарчээ. Тэдгээрээс цөөнийг дор сийрүүлье. “...Үнэхээр дэлхийд данстай мэргэн бууч юм. Улам их амжилт гаргахыг хүсье. Аз жаргал бүхэн чамтай цуг байг ээ. Магнай”, “Гүндэгмаа эгч ээ, танд баярлалаа. Мөнгөн медаль чинь их үнэтэй, маш чанартай болж чадсан. Дараа бас олимп болно. Тэгэхэд та алтан медаль аваарай. Зулцэцэг”. “Гүндэгмаа чамд баярлалаа. Дэлхийн монголчуудын бахархал шүү. Лондоноос алтан медаль авчрахыг бид хүлээх боллоо.

Дэмбэрэл эгчийнхээ гавьяаг чи л залгаж, түүний авсан дэлхийн анхны алтыг олимпийн алт болгоно гэж итгэж байна.Төрүүлж өсгөсөн аав, ээжид тань баярлалаа. Тэд үнэхээр гайхамшигтай охин төрүүлж, эх орондоо бэлэглэжээ. Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай гэдэг яасан үнэн үг вэ. Сайн багш анд нөхөд ар гэрийнхэнд тань баяр хүргэе. Монгол Улсын төлөө зүтгээрэй. Ирландаас.” Энэ мэтчилэн баярласан хүмүүсийн үг сонины хуудас, зурагтын дэлгэц, радиогийн шугамаар үргэлжилсээр байсныг сонсоход таатай байлаа. Инээмтгий баатрын сонирхолтой ярианы завсар түүний 20-иод жилийн хөдөлмөрийн үр дүнгээс түүвэрлэж өгүүллээ. Бидний яриа ингэж үргэлжлэв. Үнэндээ би олимпийн наадмаас медаль авахыг олон жил хүсч, мөрөөдөж, хөдөлмөрлөж зүтгэсэн. Чин үнэнийг ярихад олимпийн их наадмаас мөнгөн медаль авсандаа тухайн агшинд сэтгэл тиймхэн байсан ч чамлах учиргүй амжилт гэдэгтэй төдөлгүй эвлэрч одоо дасчээ.

-Олимпийн аварга болоход шувтаргын буудлагын гурав дахь цувралд буу тань гацсан нь нөлөөлсөн байх л даа?

-Тийм ч биз, бас үгүй ч байж магадгүй. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр элдэв тайлбар ярихад тулбал түмний мэдэх баримт тэр гацаа мөн. Тун эгзэгтэй тэр агшинд өөрийгөө хянаж дараагийн буудлагад бүх юмаа сэгсэрчихэлгүй амжилтаа хадгалж чадсан минь бас нэг ялалт. Хожуу эргээд бодоход “Бээжинд буу гацаагүй бол...” гэж санагддаг л юм. 590 онож мөнгөн медаль авсан амжилтаараа одоо бахархаж л байна. Энэ амжилтыг төр, түмэн сайхан мялаалаа. Бид баяртай сайхан аж төрж явна аа.

-Ингэхэд Хөдөлмөрийн баатрынх нийслэлийн хаахна аж төрж байгаа билээ?

-Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд “Нархан” хотхонд. Би “Алдар спорт хороо”, “Алтай констракшн” компанийн тамирчин шүү дээ. Олимпийн их наадмын амжилтыг минь мялааж, компанийн маань захирал Хадбаасангийн БатЭрдэнийн өгсөн байранд манайх төвхнөсөн.

-Бэлтгэлдээ ирэхдээ ямар машинаар жирийлгэдэг вэ. Ер нь хэр зэрэг жолооч билээ?

-Жолоочийн хувьд 1997 онд гурван сар номыг нь үзэж, дадлага хийгээд үнэмлэх авсан. Өөрийгөө гайгүй жолооч гэж боддог. Шинэ жолооч байхдаа аавынхаа тэргийг бариад хааяа будилна. Аав “Чи орчлонгийн бүх нүхийг тоолчих юм. Өөрийнхөө талыг донслуулаач” гээд зэмлэдэгсэн. 2008 оны намар “Олимпийн баатрууд шагналын мөнгөөрөө банк байгуулаад, байшиндаа зочид буудал нээгээд, машинуудаараа такси бааз байгуулаад улам хөлжих нь” гээд онигоо гарсныг та сонссон байлгүй. Тэр үед манай холбооны дарга байсан В.Отгондэмбэрэл гуай 2012 онд алтан медаль аваарай гэж ерөөгөөд шаргал өнгөтэй “Ниссан” маркийн машин бэлэглэсэн юм. Түүнийгээ унаад жирийлгэж байна.

-Х.Цагаанбаатар та хоёр саяхан нийслэлийн нэг том шагнал авч харагдсан. Ямар шагнал вэ?

-Аан, тэр чинь “Нийслэлийн спортлог гэр бүл” гэсэн өргөмжлөл. Олон айлыг шагнаж байна лээ. Оюунлаг, өнөр, спортлог ...зэрэг ангиллаар тодруулдаг уламжлалтай юм байна.

-Нийслэлийн төдийгүй Монголын спортлог гэр бүлийн шинэ хүн одоо овоо болсон байлгүй. Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчтай болсон уу? Мэдээж та хоёрт хүүхэд цаг зав хомсхон байдаг байлгүй? 

Манай хүү 2009 оны наймдугаар сарын 1-нд буюу аавыгаа дэлхийн аварга болохоос хэдхэн хоногийн өмнө төрсөн. Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч байхгүй ээ, ээж минь хардаг. Манай хүү бараг эмээгийн хүү болчихсон байна лээ. 

-Хүүхдээ ээжээрээ харуулж, сэтгэл хоёрдохгүйгээр бэлтгэлээ дагнасны хэрэг бүтэж, “Лондон 2012”-ыг зорих боллоо. Төрснөөсөө хойш чухам хэдийнээс бэлтгэл, сургуулилтаа эхэлсэн бэ?

-Яараад л 2010 оны шинэдээр бэлтгэлээ хийж эхэлсэн. 11 ондоо багтаагаад олимпийн наадамд тав дахиа оролцох эрхтэй болсон болохоор бэлтгэлээ улам шамдлаа.

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж, хэчнээн сум бууддаг вэ? 

-Ер тэмцээн дөхсөн үед өдөр бүр бэлтгэл хийнэ. Бэлтгэлтэй өдөр 8.00-19.00 цаг хүртэл бараг эндээ байна. Миний өнөөдрийн хийх ажлыг багш тэр самбар дээр бичиж орхиод, парагийнхантай хуралд явсан. Багшийн даалгаснаар 227 сум буудаж гүйцээгээд завсарлана. 

-Тийм олон бууддаг хэрэг үү. Тэмцээний үед нэг өдөр 80 сум бууддаг биз дээ? Барагцаалбал гурван өдрийн ажил хийгээ юу?

-Үдээс хойш дахиад буудна аа. Буу минь нэг килограмм орчим жинтэй. Буудах тоолондоо өргөнө. Өргөх ч гол биш. Шагайх, барих гээд нарийн журамтай. Тэгээд зогсоод байгаа биз дээ. Нэг иймэрхүү хөдөлмөр эрхэлсээр даслаа. 

-Та тав дахь олимпийн наадамд тамирчнаар оролцох Монголын эмэгтэй тамирчдын анхдагч болж байна. Туршлагатай, ур чадвартай, хал үзэж, халуун чулуу долоосон баатрыгаа Лондонд улам сайхан онохыг манайхан хүсэх нь лав.

-Тамирчин хүний хувьд олимпийн их наадамд оролцох нэр төрийн хэрэг болжээ, орчин үед. Урьдчилсан тэмцээнээс шалгараад оролцдог журам тогтлоо. Тив, дэлхийн аль ч тэмцээнд явж байгаа тамирчид эх орныхоо нэрийн хуудас болдог. Амжилт гаргахын төлөө чармайдаг. Лондонд сайн буудахыг хүсч мөрөөдөөд бэлтгэлээ базаасаар л байна. Энэ бол бохир шунал биш. Монгол түмнээ дахин баярлуулах мөрөөдөл. Төр түмэн намайг сайн буудаж медаль авахад баярлуулсан. Шинэ сайхан ялалтаар спорт сонирхогчдоо дахиад баярлуулахын тул хайртай хүүгээ эмээд нь даатгачихаад бэлтгэлдээ шуударсан минь ийм учиртай.

Хөдөлмөрийн баатрын хугас өдрийн бэлтгэлийг харж, цайны цагаас нь хороон байж ярилцсанаа уншигч түмэндээ толилуулав. Отрядын Гүндэгмаад “Лондон 2012”-оор зогсохгүй олон олимпод цэц сорих нас байна. Сонгосон спортын нь онцлог ийм. Тиймээс энэ удаагийн бичлэгтээ “Төгсгөл” гэсэн хэсэг бичсэнгүй, үргэлжлүүлээд завсарлахаар төлөвлөж суутал баатар минь Ираны гран-при тэмцээнээс дахиад хошой алтан медальтай хүрээд ирлээ. Олимпийн өмнөх оны хөдөлмөрийн бариа нь хос алт болж таарлаа. Бэлэг дэмбэрэлтэй үйлс үргэлжилсээр. Отрядын Гүндэгмаа “Олимпийн Гүндэгмаа” болж алдарших нь. 
 

Р.ЧУЛУУН

Зохиогчийн эрх: “Таван цагариг” сонин

bottom of page