О.Гүндэгмаа: Риогийн олимпийг хүлээж байна
“Бээжин-2008” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаатай ярилцлаа.
-Та галын шугамд хоёр жил орчмын хугацаанд гараагүй байх. Хэсэг хугацааны дараа их спортдоо эргэн ирэхдээ Дэлхийн цомоос хоёр медаль “зулгааж” чадлаа. Баяр хүргэе?
-Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр энэ жилийн анхны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болсон. Дараа нь Германы Мюнхен, Словений Морибор хотуудад үргэлжилсэн юм. Монголын буудлагын баг тамирчид Мюнхены дэлхийн цомд 13 хүнтэй оролцсон бол Словений тэмцээнд хоёр тамирчнаа илгээсэн. Би Мюнхенээс алт, Мориборын дэлхийн цомоос мөнгөн медаль аваад ирлээ.
-Та бэлтгэлээ хаана базаасан бэ?
-Жилд дөрвөн удаа цувралаар зохион явуулдаг холбооны цомын тэмцээн өнгөрсөн гуравдугаар сард өндөрлөсөн. Эндээс дэлхийн цомд оролцох тамирчдын бэлтгэл сургуулилт жигдэрсэн гэхэд болно. Мөн дэлхийн цомд оролцох тамирчдыг энэ тэмцээнээс сонгон шалгаруулсан.
-Цуврал тэмцээний сүүлийнх нь болоогүй. Ямар учраас тэр вэ?
-Сумны асуудалтай шууд холбоотой. Манай буудлагын тамирчдын сум хил дээр саатаад жил гаруй болж байна. УИХ-ын тогтоол шийдвэрээс болж сумаа хилээр оруулж чадахгүй байгаа гэсэн. Одоо бэлтгэл хийхэд зориулагдсан сумны нөөц багасч байна.
-Та өмнө нь Финландын сумаар бууддаг байсан?
-Би 2006 онд Финландын нэг компанитай гэрээ байгуулаад хоёр олимпод тэдний сумаар буудсан. Тэгээд 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд гэрээний хугацаа дууссан юм. Харин одоо шигшээ багийнхны хил дээр хүлээгдээд байгаа сумаар бэлтгэлээ хангана.
-Олон улсын буудлага спортын холбоо дүрмээ өөрчилсөн нь танд ямар санагдаж байна?
-Үзэгчдэд илүү сонирхолтой байх үүднээс дүрмийг өөрчилсөн гэж бодож байна. Өмнө нь шигшээ наймд шалгарсан тамирчид үндсэн оноон дээрээ финалын оноогоо нэмж өрсөлддөг байлаа. Энэ нь нэг ёсондоо оноогоор хоцорч яваа хүн тэргүүлэгчдийг нэхэж өрсөлдөхөд хэцүү байсан хэрэг. Харин шинэ дүрмээр шөвгийн наймд шалгарсан тамирчин дараагийн шатанд үндсэн оноогүй өрсөлддөг болсон. Мөн финалд шалгарсан тамирчид байны 10.3-аас дотогш оносон тохиолдолд тооцож, 10.3-аас гадагш оносон бол оноонд тооцохгүй дүрэмтэй болсон. Ингэснээр төвлөрөх чадварыг тамирчдаас шаардаж байгаа юм. Мөн шөвгийн дөрөвт үлдсэн тамирчид хоёр хоёроороо халз бууддаг болсон. Шинэ дүрмээр өмнөх шатанд тааруу буудсан тамирчин алдаагаа засах боломжтой гэсэн үг.
-Дэлхийн шилдгүүдээс таны гол өрсөлдөгчид хэн, хэн байна?
-Мюнхены дэлхийн цомд харьцангуй олон тамирчин оролцдог. Нөгөө талаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сард Испанид болно. Миний олж харснаар саяын тэмцээнд ОХУ, БНХАУ-ын шигшээ багийн 70-80 хувь нь шинэ залуу тамирчин. Тэгэхээр ирэх есдүгээр сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун өрсөлдөөнтэй болж мэдэхээр байна. Энэ тэмцээнээс эхэлж олимпийн эрхийг олгох юм.
-Олимпийн эрхийн оноо олгох анхны тэмцээнд манай улсаас хэдэн тамирчин явах вэ?
-Одоогоор эмэгтэй урт болон гар бууны төрөлд үндсэн бүрэлдэхүүнээрээ нийтдээ зургаан тамирчин оролцоно.
-Одоо олимп хаяанд ирчихсэн, том жижиг гэлтгүй тэмцээн алгасаж болохгүй биз?
-Манай буудлагынхан гадны тэмцээнд тэр бүр яваад байх нь ховор. Дэлхийн цомын хоёр дахь цувралд гэхэд би хувийн зардлаар явсан шүү дээ. Шигшээ багаас зардал гаргаж чадаагүй. Дэлхийн цомын дөрөв дэх тэмцээн өнөөдөр Бээжин хотод эхэлнэ.
-Тэгээд манай тамирчид Бээжингийн цомд өөрсдийн зардлаар явах уу?
-Буудлагын шигшээ багийн тамирчин хэрэв "Дэлхийн цом"-д оролцох бол зардлаа өөрсдөө гаргана. Үүнээс болж залуу тамирчид гадны тэмцээнд оролцож туршлага хуримтлах боломжоор хумигдаж байгаа юм. Тэгэхээр энэ удаа өнжих бодолтой байгаа. Монголдоо бэлтгэл сургуулилтаа хийсэн нь дээр юм болов уу. Өнгөрсөн долоо хоногт манай хэд “Champion” клубын зааланд холимог төрлөөр тэмцээн зохион явуулсан.
-Та Мюнхены дэлхийн цомын медалийн тавцанд элэг нэгт тамирчин Мөнхбаяртай хамт гарсан нь сонин тохиолдол байлаа. Та хоёрыг зургаан жилийн өмнө Бээжингийн олимпиос мөнгө, хүрэл медалийг авч байхад Хятадын тамирчин алтан медаль авсан. Харин энэ удаа байр солигдож манай хоёр Хятадын буудагчийг ардаа орхилоо?
-Дэлхийн цомын хүрэл медалийн төлөөх тулаанд 2008 оны олимпийн аварга Чен нутаг нэгт тамирчинтайгаа халз буудаад медалиас мултарсан. Мөнхбаяр эгч тэмцээн дууссаны дараа надтай уулзах үеэр “Хэрэв Чен ялсан бол зургаан жилийн өмнөх түүх давтагдах байлаа. Тэгээд медалийн тавцанд зогсож байхдаа Монголынхоо төрийн дуулалыг сонсох сайхан байна гэж хэлж байсан даа. Бид хоёр тэмцээний үеэр өрсөлдөгч боловч бусад үед хэн хэндээ амжилт хүсдэг.
-Заримдаа танд хөндлөнгөөс хэтэрхий хүнд ачаа, хэтийдсэн их найдвар хүлээлгэдэг нь тээртэй санагддаг уу?
-Аливаа тэмцээн уралдаанд тамирчин хүн түрүүлэхийн төлөө ордог. Спортод амьдралынхаа ихэнх хугацааг зарцуулсан болохоор амжилт гаргахыг бүгд боддог. Тамирчин хүн амжилт гаргах хүртлээ ямар хэцүү замыг туулдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэр бүү хэл манай ээж намайг гадны тэмцээн уралдаанаас хүрэл медаль авч байхад “Хүрэл медальтай ирсэн үү гээд тоохоо болчихсон”. Тэгэхээр монголчууд олимп, дэлхийн аваргатай болоод ирэхээр илүү амжилт нэхээд, хүрэл медаль заримдаа үнэгүйдэх маягтай болоод байгаа юм. Уг нь ганцхан медалийн ард хэдэн тамирчин нөр их хөдөлмөр, хөлсөө урсгадаг билээ. Медаль бол цаг хугацааны хамгийн том хэмжүүр.
-Таныг ахмад тамирчин гэж хэлж байгаа юм биш шүү. Хэзээ нэгэн цагт дасгалжуулагч болох байх. Яг хэзээ бол?
-Сайн тамирчин болгон сайн дасгалжуулагч болдоггүй. Надад зарим эцэг, эхчүүд хүүхдээ дагуулаад “зөвхөн танд шавь оруулах гэсэн юм” гээд ирдэг. Одоохондоо тамирчин хэвээрээ байна. Хоёрдугаарт 2016 оны олимпод оролцоно гэж бодож байгаа. Дараа дараагийн олимпийг ч харж байна. Тэгэхээр дасгалжуулагч болох тухай бодох болоогүй байгаа. Би яг одоо Риогийн олимпод өндөр амжилт гаргахыг бодож, тэмүүлж, хүсэж байна.
-Таныг буудлагын спортод анх орсон үеийг хүмүүс тэр бүр мэддэггүй?
-Намайг буудлагын спортод анх хөл тавьж байхад багш нар урт бууны төрлөөр буудуулж сургасан. Гэхдээ спорт гар буугаар буудна гээд тас гүрийчихсэн. Яагаад гэхээр аав маань надад гэрт анх буудахыг зааж сургасан. Би өөрийнхөө дассан сурсан зай, төрлөөр хичээллэх сонирхолтой байгаагаа хэлээд маргааш нь гар буугаар хичээллэж эхэлсэн. Аав маань заримдаа хөдөө томилолтоор явахдаа намайг хамт авч явна. Тэгээд намайг томчуудтай бооцоотой халз буудуулна. Сайн буудвал чихэр тэргүүтнээр шагнуулна. Тэр үед дөнгөж гуравдугаар ангийн жаахан хүүхэд байлаа.
-Та нэг удаагийн бэлтгэлд хэдэн сум зарцуулдаг вэ?
-200-300 орчим сум тавина. Харин тэмцээн дөхсөн үед бэлтгэлийн ачааллаасаа шалтгаалаад 600-800 орчим сум зарцуулдаг. Сум тавихаасаа илүү хана руу ширтэх дасгал хэцүү. Заримдаа 2-3 цаг хана руу ширтэх тохиолд гардаг. Тэсвэр тэвчээр шаарддаг спорт. Энэ дашрамд надад тусалж дэмждэг “Арвайн үндэс” компани, найз Ц.Эрдэнэбаяр болон “Алдар” спорт хорооныхондоо баярлаж явдгаа хэлэхийг хүсч байна.
Д.ЖАВХЛАН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин