top of page

“Хоосон” шагайлгын ач тус

Сумгүй бэлтгэл

Сумгүй бэлтгэл нь өндөр амжилт гаргахад хэрэглэдэг чухал аргачлалын нэг юм. Сумгүй бэлтгэл ч гэж хэлэгддэг “Хоосон” бэлтгэл ч гэж хэлэгдэх энэ арга нь бэлтгэх байдал шалгах, буудлагын техник элементийг “цэвэршүүлэх”, шагайлгын үед булчингийн хүчдэлийг хянах, гох буулгах үеийн агшинг мэдрэх, гох буулгасны дараа бууны хөдөлгөөнгүй байдлыг хадгалах, буудлагын цэгнэлтийг мэдрэх, хөдөлгөөнтэй үед гох хаана бууж байгаа зэрэг олон үйлдлүүдийг зөв хийхэд чиглэгдсэнээрээ онцлог юм.

 

Сумгүй бэлтгэлийг хэрхэн бэлтгэлд зөв ашиглаж сурах вэ?

Нэгэн удаа Украйны тамирчин дэлхийн цомын тэмцээний урд өдөр буудлагын “гүйдэг бай” бууддаг дасгалын шагайлга хийгээд зогсож байхтай нь би таарсан юм. Хийн бууны лаазтай 500 ширхэг сумыг буугаа өргөөд байгаа дагуулж нэг удаа гох буулгалт хийгээд нэг лаазнаас нөгөө лааз руу нэг ширхэгийг авч хийгээд байгааг анзаарч сонирхоод хийж байгаа бэлтгэлээс нь асуувал: “-Тэмцээний өмнө олон буудах дургүй. Ялангуяа их буудах тусам байн дээр цоорч байгаа сумны нүхнээс тамирчин их мэдээлэл авч сайн муу байгаагаас шалтгаалан ажиллагаа алдагддаг юм. Би тэмцээний өмнөх өдөр дандаа хоосон шагайлга хийдэг” гэж надад хэллээ. Бүр 500 удаа гох буулгалт хийдэг тухай, буугаа өргөн гүйж байгаа (running target) байндаа дагуулан шагайж, гох буулгалт хийсээр байлаа.

 

Өндөр амжилт гаргахын тулд буудлагын техникийн зөв үйл ажиллагаа хийснээр бууг өргөн барих, тусгай хүчний тэсвэр тэвчээрийг хөгжүүлэх, булчингийн хүчдэлийг хянах, бууны тогтворжилтыг сайжруулах, байнд бууны хараалах хэрэгсэлийг тааруулах, тэгш овоо харааг бат бэх байлгах, гох буулгах “урлаг”-ийг хөгжүүлэх, анхаарлын тогтворжилтыг сайжруулах зэрэг олон сайн талууд энэ хоосон бэлтгэлд агуулагддаг. Зарим үед буудлагын алдаагаа олж авахад мөн тус болох нь бий. Буудах үйл ажиллагааг бүрэн төгс гүйцэтгэснээрээ зөв буудах ажиллагаанд суралцсаар байх болно.
 

Сумгүй бэлтгэл хийхдээ яаж хийх вэ?

Өөрийн бэлтгэх байдлыг зөв эсэхийг хянасан байх.

  • Үүнд: хөлийн байрлал зөв тавигдсан байхыг мэдрэх

  • Толгойн байрлал зөв эсэх

  • Бууг өргөн барьж байхдаа хааяа нүдээ аньж, бэлтгэх байдлаа шалгаж байх

  • Бууг бариад шагайж байхдаа цагаан дэлгэц дээр тэгш овоо харааны зургийг зөв харах

  • Бууг бариад шагайхдаа зургийг (тэгш овоо харааны зураг) байтай харьцуулсан байдалтай харах

  • Шагайлгын хэсэгт жинхэнэ буудлага болж байгаагаар гох буулгалт хийх

Бэлтгэх байдал аятай, таатай байхаас гадна анхаарлаа бүрэн төвлөрүүлж хийвэл нэлээд үр дүнтэй байдаг. Байнд шагайхдаа өөрт эвтэй шагайлгын цэг, эсвэл цагаан дэлгэц сонгож авах нь тохиромжтой.

 

Шагайх

Зургийг зөв харсан байдлаас шагайх хэсэгт гохыг алдаагүй буулгаж байх нь гол үндсэн зорилго. Буудах бүх элементүүдийг бүгдийг төгс хийж, нэг сум буудах үйл ажиллагааг давтана гэсэн үг.


Хоосон бэлтгэл хийхэд гох буулгаж сурах урлагт суралцдаг. Гох дарагч хурууны өндөгний хэсгээр гохон дээр тавигдаж, гох дарах тэр хүчийг мэдэрнэ.
Ингэж мэдрэхийн тулд харанхуйд шагайх, нүдээ аньж шагайх, эсвэл цагаан дэлгэц дээр нүдээрээ харж, зургийг эвдэхгүйгээр гох буулгах зэрэг үйлдлүүдийг хийж сурах хэрэгтэй. Цагаан дэлгэцийн том талбайтай хэсэгт гох буулгах, 10 онох хэмжээний бага шиг хэсэгт шагайхдаа булчингийн хүчдэлийг мэдэрч байх нь чухал. Гох дарагч хурууны ажиллагааг бусад хурууны булчингаас салангид ажиллуулж чаддаг байх шаардлага тавигдана.

Хоосон бэлтгэлийг хийгээд сурчихвал буудлагын сумтай бэлтгэл хийхэд дараахь хүчин зүйлүүдийг даван гарч чадна.

Үүнд:

  • Буудлагын зөв техникээр буудахад анхаарал зөв төвлөрч чадна.

  • Гарцаагүй буудлагыг хийж чаддаг болно.

  • Хазгай байхад буудлага болох, сум хаана оносон байх зэрэг цэгнэлтийн үйл ажиллагааг мэдэрч чаддаг болно.Өөрийн зөв буудсан эсэхээс хамаарч бууны хараа хэрэгсэлд засвар хийх ч тохиолдол гарна.

 

Үүний тулд буудлага үнэн зөв алдаагүй болсон байх ёстой байдаг.
Сумгүй бэлтгэл хийхэд тамирчнаас нэлээд хэмжээний тэсвэр, тэвчээр шаардахаас гадна анхаарлын төвлөрөлт, анхаарлын багтаамж, түүний үргэлжлэх хугацаа уртсах зэрэг олон олон ажиллагааны шинж чанарууд дагаад хөгждөг байна.

Буудлагын үед тамирчин нь бууны тийрэлтээс болоод хаана алдаа гаргаснаа мэдрэхгүй тохиолдол байх нь зөндөө тохиолддог. Тэгвэл сумгүй буудлага гүйцэтгэхэд буудагч өөрөө үйлдлээ хянахаас гадна дасгалжуулагч түүнийг хянах бүрэн боломжтой.

Хоосон бэлтгэл хийхэд тамирчин бие физиологийн ажиллагааны үйлдлээсээ олон мэдээлэл олж авдаг.


Анхаарал төвлөрсөн үед буудах үйлдлийг олон удаа давтан хийж байх явцад хааяа гарах мэдрэгдээгүй алдааг засахдаа түр хугацаагаар амралт авч ажиллагаанаас өөрийгөө чөлөөлөөд дахин буудах үйлдлээ гүйцэтгэвэл зохилтой. Заримдаа зуршил болсон алдаа дахин дахин давтагдах гээд байдаг бол сумгүйгээр шагайлга хийж, буудлагын үйл ажиллагааг “цэвэршүүлсэн”-ий дараа дахин буудлагаа үргэлжлүүлбэл зохино.
Хоосон буудлага нь буудах үйл ажиллагааг цэвэршүүлдэг юм бол бэлтгэл дээр түүнийг хянах олон янзын аргууд байдаг. Үүнд:  “Ундра усан буу”-гаар шагайх, шилтэй ус барьж зогсох, лазер гэрлээр хөдөлгөөний хэлбэрийг хянах, гох буух явцад лазер гэрэл хөдөлж байгаа эсэхэд хяналт тавьж болох энгийн аргуудыг хэрэглэхээс гадна орчин үеийн шинжлэх ухааны ололтууд болох “СКАТТ”, “САМ ТРЕНЕР”, “НОПТЕЛ” зэрэг буудлагын компьютержсон тоног төхөөрөмжийг бэлтгэлд ашиглах нь бүр үр дүнтэй.

 

Хоосон бэлтгэлээр “бүтэн дасгал буудах” нь тамирчнаас их хэмжээний тэсвэр тэвчээр шаарддаг бол удаан хугацаагаар буудаж сурах, өндөр оноог цэгнэлтээрээ онож, “оноонд цадах” зэрэг олон олон бэлтгэлийн аргачлалуудыг эзэмшдэг юм. Ингэж хийснээрээ мэргэн буудах урлагт суралцаж, олон удаа давтан хийж чадсанаар жинхэнэ буудлагыг олон сум дараалан гарцаагүй сайн буудаж сурна.

Олон удаагийн “хоосон буудлага” нь буудлага үйлдэх явцыг сайжруулан буудлагын мэдрэмжийг сэтгэлзүйн хувьд өөртөө итгэлтэй байлгаж чадахад суралцдаг. Энэхүү мэдрэмжинд суралцсанаараа тэмцээнд өөртөө итгэлтэй, амжилттай оролцох боломж нээгдэж өгдөг юм.

Хоосон бэлтгэлийг хэзээ хийх вэ?

Жилийн бэлтгэлийн үечлэлийн үед илүү их хийж өгвөл тохиромжтой. Мөн бэлтгэл бүрийн өмнө тодорхой цагийг хоосон буудлага хийж, буудах үеийн алдаа гарахаас сэргийлэн “батажуулалт” хийж, бэлтгэлийн зарим нэгэн хэсэгт ийм зорилгоор оруулах нь ч байдаг.

Тэмцээний өмнө хоосон буудлагаар хийж байгаа үйлдлийнхээ ажиллагааг мэдрэх, ямар алдаа гаргачих гээд байгаа зэрэг мэдээлэл авах үүднээс сэтгэлзүйн хувьд “чагнах” хэрэгсэл ч болгож өгөх нь бий. Сэтгэлзүйн хувьд өөртөө итгэл аваад ажиллах үед сумгүй буудлага, сумтай буудлага хоёрын ажиллагаа адил байх ёстой.
 

bottom of page