Дэрил Сцаренски (АНУ), дэлхийн цомын олон удаагийн медальт
Ямар бэлтгэл хийхэд танд илүү аятайхан байдаг вэ?
Өө мэдэхгүй юм байна. Буудлагын үндсэн элемэнтүүдийг хэсэгчилж, дагнаж хийх, гарын тогтворжилтыг сайжруулах, шагайсан байдалтай гохыг зөв буулгах гэх мэтээр өдрөөс өдөрт дахин давтан хийдэг.
Шинээр эхлэн хичээллэх гэж байгаа тамирчдад ямар зөвлөгөө өгөх вэ? Ялангуяа бууныхаа бариулыг хаанаас нь яаж засаж янзлах талаар?
Бариул бол хамгийн гол зүйл биш. Ердийн хийцтэй Морини буугаар 570-ыг хэн ч оночихно. Хэрвээ 570 онооны амжилтанд хүрсэн бол түүнээс цааш бариул оролдож, цаашаа хэд онох гэж зорилго тавьснаас хамаарна. Тэгэхээр юуны урьд бариул өөрчилж янзлах биш, харин юуны тухай бодох, яаж хийх талаар зааж сурга! гэж хэлмээр байна.
Тэмцээний өмнө ба дараа та яахыг хүсдэг вэ?
Тэмцээн үе дуусангуут 11-р сарын дундаас 1-р сарын дунд хүртэл нэлээд хугацаанд завсарлага авдаг. Түүний дараа бэлтгэлдээ эргэн ороод бууг өргөн барих, хөдөлгөөнийг багасгах, гарын тогтворжилтыг сайжруулах дээр их анхаардаг. Бага хэмжээгээр бууддаг, бэлтгэлийн формд ортолоо их хэмжээгээр бууддаггүй, гарын тогтворжилтыг сайжруулахаар ажилладаг.
Та гарын тогтворжилтыг сайжруулахын тулд ямар дасгал дээр яаж ажилладаг вэ?
Би цөөхөн дасгал бууддаг. Хананд хар дугариг цэг наагаад бууг өргөн барьж, аль болох хөдөлгөөнгүй барихыг эрмэлздэг. Гарын булчинг бууг хөдөлгөөнгүйгээр шагайх цэгт барьсаар барьж чадахгүй болсон тэр агшинд бууг буулгадаг. Булчингууд эхлээд зөв ажиллаж байснаа дараа нь хөдөлгөөн үүсэж эхэлнэ. Би 25-30 удаа хөдөлгөөнгүйгээр барьж чаддаг. Тэмцээний үе эхлэхэд би зүгээр цагаан дэлгэц дээр шагайх, гох дарагч хурууг алгуурхнаар олон удаа хөдөлгөх давтамжийг хийдэг.
Харин бэлтгэл хийхдээ нэмэлт ачаа хэрэглэдэг үү?
Бэлтгэлийн завсарын үед гүйдэг. Завсрын үе гэхгүйгээр ер нь их гүйдэг. Бэлтгэлүүд дээр буундаа бага зэрэг ачаа зүүх, олон удаа давтаж хийх нь надад таалагддаг.
Зарим нэг нь бууны гохны сул явалт их байх нь сайн гэх ч зарим нь түүний эсрэг байдаг. Та энэ талаар юу хэлмээр байна?
Би буугаа өргөөд эхлээд гохныхоо сул явалтыг дарна. Дараа нь шагайлгын хэсэгт ирээд гох хатуураад байсан ч гохыг дарсаар байдаг. Энэ бол ердөө гох дараад дуусаж байгаа хэрэг биш. Гох дараад байгаа энэ агшин нь гох даралтын ердөө дунд хэсэгтээ байгаа... гох дарагдах зам дууссан ч гохыг дарсаар л байдаг. Гох буулгангуут буудагч нар гохон дээрээс хуруугаа авчихдаг. Хуруугаа авснаар буудлага дундуур хөдөлгөөн үүсэх нэг хүчин зүйл болдог юм. Гохыг ердөө ханатал нь дарсаар байх хүчдэлээр гохыг дарна гэж товчхондоо ойлголт авах хэрэгтэй.
Хараалах хэрэгсэлийг яаж сонгон авдаг талаар?
Овооны өргөн нь байны дугуй хартай тэнцүү байх хэмжээтэй, овооны хараа хүрэх хоорондын зай нь маш бага байлгахаар сонгон авдаг. Хэрвээ хоорондын зай нь хэт их бага байх юм бол харааны хоорондын зайг хянаж чадахгүй алдаа гаргаж эхэлдэг. Ийм байдалтай буудлага хийж болохгүй.