top of page

50м зайд бууддаг сонгомол гар буу

Атгалт

Сүүлийн үеийн сонгомол гар буугаар буудахдаа буу барьсан гарыг бүрэн тэнийлгэн бариулыг атгахдаа гарын бугуйны үеэр бага зэрэг өнцөг үүсгэсэн байдалтай, гарын тохойг бүрэн тэнийлгэн бугуйн үеэр бага зэрэг өнцөг үүсгэн барина. Энэ нь бууг хамгийн тогтвортой байдал юм. Хэрвээ бугуйны үеэр хэт их өнцөг үүсгэж, өөрөөр хэлбэл их уналтын өнцөгтэй байвал бугуйны үе нь сул болж алдаа их гарах эх үүсвэр нь болдог.

Бууны бариулыг барихдаа аль болох боломжоороо гүнзгий барина. Ялангуяа эрхий хуруу, гох дарагч хурууны дунд гарын салаа гэж нэрлэгдэх хэсгээр бариуланд нягт хүрсэн байх шаардлагатай. Мөн гарын алганы хонхорхой хэсэгт хүртээмжтэй бариуланд сууж өгсөн байх ёстой. Эрхий хуруу нь хүчдэлгүй, гол төмрийн дагуу байрлаж байдаг. Гэхдээ эрхий хуруу нь хавчсан байдалтай шахаж, байранд нь бага зэрэг чангалсан маягтай түгжинэ. Дунд, ядам, чигчий  хуруунууд нь бариулыг жигд хүчээр атгана. Ийнхүү атгахдаа хуруунуудын хоёрдугаар үеэр жигд хүчээр шахсан байдалтай атгана. Гох дарагч хуруу нь гох дарахад бариулны аль нэгэн хэсэгт хүрэхгүй байх ёстой бөгөөд хурууны гуравдугаар үеэр хүрсэн байж болно.  Нэг болон хоёрдугаар үений хэсгээр бариулны хэсэгт хүрэхгүй байх шаардлагатай. 

Бариулыг барьсан буюу бариуланд гараа угласан байдалтай байхад гарын арьс нь ямар нэгэн талаараа татагдсан, хунирсан байдалтай байж болохгүйг анхаарах хэрэгтэй. Зүүн гарын тусламжтайгаар баруун гарын бариуланд байгаа арьсны байдал, бусад эвгүй байгаа даралттай хэсгийг засаж өгнө. Мөн гох дарагч хурууны болон алганы хэсгийг засахаас гадна гох дарахад эвгүй байгаа байдлыг засахад зүүн гарын тусламжтай засна. 

Олонхи тамирчид бариулыг чангавтар, жигд атгах хэрэгтэй гэж үздэг. Үүнийг үргэлж буруутгах аргагүй. Бугуйны үеэр сулрах нь буудалтын үед хол алдаа гарах магадлалтай байдаг тул булчин сулрах нь муу талтай. Удаан хугацааны турш бууны бариулаас гарыг салгахгүйгээр атгахад гар аажимдаа нарийсдаг. Энэ нь бариулыг барингуут гар бариуландаа багтахгүй юм шиг байснаа аажимдаа гарын хэмжээ бага зэрэг багассан байгаа нь мэдрэгддэг тул ийнхүү тайлбарлагдана. Ийм өөрчлөлт гарсны дараа бугуйны үе, гарын алганы арьс, гох дарагч хуруу, бусад хурууны байрлал нь өөрчлөгдөж баригдах нь анзаарагдана. Буудалтын явцад энэ бүхэн нь бас батлагдан ажиглагдана. Бууны овоо хараагаар шагайсан байдлыг хадгалсан байдалтайгаар буудагдах ёстойг буудагчид бүгд мэднэ. Тэгвэл тэрхүү зургийг зөв, үргэлж, хадгалсан байдлаас буудахын тулд гарын алганы овгор товгор нь гарт яв цав таарсан байдаг. Гарт гарцаагүй таарсан байх шаардлагатай гэдэг зарчим бас барьж болохгүй. Бууг удаан хугацааны турш барих учраас гарт эвтэйхэн, бугуйны үе, гарын арьс, булчингийн хэв загварт таарсан л байх юм бол болно.

Бариуланд тавигдах шаардлагуудыг дурдвал

бууг атгасан байхад буу нь гарын шууны дагуу нэгэн шугаманд байрлах бөгөөд гарын үргэлжлэл нь буу байх мэт

бүдүүвч шагайлга хийхэд овоо харааны харьцуулсан байдал хялбар байдалтай байх.

Бариулыг чанга атгаад буудаж үзсэн тамирчид өөрсдөө мэдэх байх. Чанга атгаад бууг шагайх явцад атгалт өөрийн эрхгүй сулардаг. Ингэж атгалтын хүч өөрчлөгдөхөд гох дарагч хуруу, бусад хурууны хүч өөрчлөгдөнө. Хэрвээ буу “хөдөлгөөнтэй“ байвал  бугуйны үеэр өөрчлөлт мөн бий болдог. Ийм байдал гараагүй ч бол бариулыг чанга атгаснаас буудлага болгон өөр атгалтын хүчлэлтэй байх болно. Тийм болохоор чанга атгах шаардлагагүй гэдэг ойлголтыг мэдэж авсан байх гэж найдаж байна.

Бууг шагайсны дараа бууны тогтворжилтоос хамааран “байны төвөөс зугтах хүч” үйлчилдэг. Байны төвд тааруулах гэж хичээсэн бууны тогтворжилтын нэг гол үндэс нь гарын дунд хурууны хоёрдугаар үе дээр бариулны хэсэг тавигдсан байгаа байдал гэж үздэг байна. Маш бага зэргийн атгалтын сулрал бий болоход бууны тогтворжилт илүү тогтвортой болж ирдэг. Байны төвд таараад … гараад… байгааа бууны хөдөлгөөн нь гох буулгахад нэлээд хэцүү, хазгай оночих вий гэсэн бодол өөрийн эрхгүй нөлөөлдөг. Хангалттай хүчний тэсвэр тэвчээртэй бол бууг барьсаар байх энэ мөчид бага зэргийн хазайлт нь тийм аюултай хол алдаа гарахааргүй байдаг. 

Бариулын урд талын хэсэг нь дунд, ядам хурууны тавигдах хэсэг нь нэлээд хангалттай өргөн байх ба гох дарах тэр агшинд бууг хөдөлгөөнд оруулахааргүй, өөрөөр хэлбэл гох дарахад зүүн тал руу хазгай буудалт болохооргүй байх ёстой юм. 

Сонгомол гар буугаар бууддаг тамирчид бариулыг яаж засвал сайн онох талаар үргэлж эрэлхийлж байдаг. Ийм болохоор байнгын бариулаа үрж, шавж, сэтгэлд таарахгүй бол үүнээс болов уу? гэж  бууны хүндийн төвийг өөртөө тааруулахаар задлан ялгахыг хичээцгээдэг. Ийм учраас зарим тамирчид одоог хүртэл бариулаа үрж, шавж, тааруулсаар …  Хэрвээ гарын алганы булчингийн өөрчлөлтөөс бариулыг засах шаардлага гарвал маш нимгэн цөөн хэдэн миллиметрээр нэмбэл зохилтой. Маш багаар хэрэгцээт газраа нэмж наагаад үз. Ингэж нэмж байгаагийн учир нь бариулны гарт таарсан хэсгийг өөрчлөлт оруулахгүйгээр зөвхөн нэмж хасаж байгаа билээ. Харин хасах үед бол хурц хутгаар, хуурайгаар засахдаа маш багаар яаралгүй засах хэрэгтэй юм.  Гарын алганд арьсан төрлийн зүйл нааж өгвөл гарт дулаан, сайхан мэдрэмж төрдөг ч халуун уур амьсгалтай газар бол их хөлөрдөг учраас “нялцганах” аюултай тул тэр бүгдийг тооцоолсон байх хэрэгтэй билээ.

bottom of page