top of page

Монголд буудлагын спортын Дэлхийн залуучуудын аварга төрсөн түүх 

Дасгалжуулагчийн ур чадвар болон тамирчны зөн совин

Хонгорзулын ярианаас: Туг олсон түүх. 

      Тэмцээний өдрүүд ойртож байсан тул улсын наадмын үеэр бэлтгэл хийдэг цагтаа хийж байлаа. Наадмын үеэр машин дээр бэхлээд хийсгэдэг төрийн далбааны дарцагийг өглөө бэлтгэлдээ ирж байгаад газраас олжээ. Бэлэгшээгээд “тэмцээндээ аваад явнаа” гэж ярьж байсан юм.

Бэлтгэлээс олсон аргачлал

Бэлтгэлийн явцад дурантай буудлага, дурангүй буудлага гэсэн бэлтгэлийн аргачлалыг хэрэглэж үзсэн. Гэтэл буудчихаад оноогоо шууд хараад байх нь дараагийн буудлагандаа нөлөөлж, буудах гээд удах, ноцолдох зэрэг үзэгдэл ажиглагдаж байсан юм. Буудчихаад дэлгэцээ харахгүй ... үргэлжлүүлэн буудаад байх нь онооны болон бөөн тусгалын хувьд сайн байсан тул энэ байдлыг ашиглах санаа орж ирэв. Дэлгэцээ хараад буудахад гарцаагүй 10 онож байгаа ч дараагийн сумны тусгал нь заавал алдаатай буудлагууд болж, таруу онож байсныг ажиглаж харсан юм. Тэмцээний хоног дөхсөн ба бүгд л дэлгэцээ харахгүй буудлага (дурангүй буудлага гэж бид нэрлэдэг байсан) нь их сайн онооны үзүүлэлттэй байв. Дэлгэцээ хараад буюу буудлага болгоны дараа оноогоо хараад буудахад 94-95 онох, харахгүй буудлагын дундаж нь 98-96 орчим байсныг анзаарсан хэрэг.Нэг удаа буудчихаад харахгүй үргэлжлүүлэх энэ аргачлалаар буудах даалгавар өгөөд бүх тамирчдыг харангаа ардуур нь алхаж байв. Тамирчдыг ажиглаагүй мэт дээгүүр харан алхаж байтал Хонгорзул буудчихаад бай руугаа харахыг завдаж хулгайн нүдээр харах гэж байсныг “Таслан” дахин “тэмцээн болтол байгаа харахгүй буудлага хийнэ шүү!” гэж хэлсэн ба ингэж хийлгэсээр байв. Энэ нь техникийн хувьд ажиллагаа нь “цэвэршин” буудагч зөвхөн өөрийнхөө хийх зүйлийг хийх болсон. Шүүгчийн хийдэг оноо дүгнэдэг байдлаас толгойг нь бүрэн салгаж чадсан.Берлингээс Мюнхен рүү явлаа. Тэмцээний өмнөх өдөр мөн л “харахгүй” буудлага хийсэн хэвээр байлаа. Заримдаа олон удаа дараалан 9 ононо. Заримдаа дажгүй оноод.  Онооны хувьд сайнгүй. Гэхдээ “нуруутай” боломжийн буудлагууд хийж байв...

        Дэлхийн аваргын тэмцээнд бэлтгэсэн нь ХБНГУ-ын Вальтер  фирмийн буугаар бууддаг тамирчдыг Вальтерынхан дэмжин Берлин хотын Вальтер Арена тирэнд Монголын гар бууны бэлтгэлд МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Хонгорзул ОУХМ В.Ганцоож, зэрэг тамирчид 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө хамтарсан бэлтгэлийг 14 хоног хийсэн юм. Тирний электрон тоног төхөөрөмжийг бид ашиглахаар гол зорилгоо болгож очсон хэрэг бөгөөд өдөрт 2 удаа бэлтгэл хийдэг байлаа. 

Ганцоожийн ярианаас:     Сэтгэл хангалуун бэлтгэл

Бид бэлтгэл тараад бүгд хамт явж байдаг байсан. Нэг удаагийн бэлтгэл тараад багш биднээс өмнө түрүүлээд амандаа дуу аялан явсан. Их л баяр хөөртэй байгааг анзаарч бидний бэлтгэл сайхан болж байгаа юм байна даа ... гэж тухайн үед бодоод өнгөрсөн. Багшийг амандаа дуу аялаад сэтгэл хангалуун алхаж байгааг урьд нь хараагүй байсан юм.

Хонгорзулын ярианаас:

 

Ингээд байж байвал ямар вэ?

   Тэмцээнд нийт 82 тамирчин оролцож байсны хамгийн эхний аравчинд буудахаар оноолт таарсан байлаа. Тэгээд буудахаар 10м-ийн тирэнд орж иртэл “-Ингээд байж байвал сайхнаа” гэж хэлэхээр нь хартал бүх тамирчдын нэрсийг аравчны дараалалаар жагсаатай байхад хамгийн дээр нь Монгол Цагаандалай Хонгорзул гээд бичээтэй байхыг нь хараад би “-Ухаантай ажиллавал болно шүү дээ” гэж  хэлсэн.

 

Тэмцээний өмнөх зөвлөмж

        Тэмцээний дундуур гарч ирэхдээ доошоо харж гарч орох, дэлгэц рүү ердөө харахгүй байх, буудлагын дундуур над руу харах,  дэлгэцийг буруу харуулж тавиад  дэлгэцгүй гэж бодох.

         Хааяа над руу харахад чинь хэрэв засвар хийх бол би хэлж өгнө. Чи өөртөө итгэ. Буу тусгалтай байгаа болохоор тусгалын дундаж цэг өөрчлөгдөхгүй байх ёстой. 

    Бэлтгэл дээр бэлтгэх байдлаа сайн олсон байхыг бэлтгэлийн явцад хэлж сургасан байлаа. Мөн дэлгэцээ хармаар санагдсан ч түүнийг харахгүй байх тэвчээрийг олж авсан явдал хамгийн чухал нь.

 Дасгалжуулагчийн юу ч болоогүй байгаа мэт царай

    Тэмцээн эхэллээ. Эхний серийг 98 онов. Тэргүүн байранд бичигдэн Монгол гэдэг нэр эхэнд. Дараа нь 95 онолоо... Хонгорзулыг дажгүй сайн буудаж байгаа болохоор багийн хамт олон бүгд л тойрч, аль болох нүдэнд нь харагдахгүйг хичээн эргэлдэнэ. Буудлагын 
дундуур 3 удаа дуудан гаргаж ирж зөвлөгөө өгөв. Тэмцээний буудлагууд үргэлжилсээр.

 

  Байдал улам хүндэрсээр... франц, солонгосын дасгалжуулагч нар гүйж ирж оноо харсаар буцаад гүйгээд явчихна. Оноо тэргүүн байранд байсан ч Франц, БНСУ-ын тамирчидтай эн  тэнцүү болж ирээд байлаа. Тамирчин хааяа над руу харна. Тэгэхэд нь би юу ч болоогүй юм шиг дүр эсгэн хөлөө ачаад нэлээд хойшоо гэдийсэн байдалтай “-Болж байна, зөв буудлага хийхийг зөвлөөд” сууж байв. Үнэн хэрэг дээр байж ядаж, хавчигнаж байсан юм.

 

      Сүүлийн хэдэн суманд би бүр өөрөө байж сууж ядлаа. Учир нь 3-р сериэ 94 оночихоод сүүлийн сери эхлэхэд 5 удаа дараалан 10 оносон. Дэлгэцээ харахгүй буудаж байгаа тамирчин хэд онож байгаагаа мэдрэхгүй буудсаар байв. Сүүлд буудаж байгаа ажиллагааны хувьд муухан байгаа нь ажиглагдсан ч үлдсэн “бүх сумаа 9 оночихвол боллоо доо” гэж би дотроо бодсон... Хамгийн сүүлийн сумыг 4 удаа өргөж байж буудсан. Буутай гараа буулгах болгонд нь “амьсгаа түгжин” бүтэж үхэх шахна. Сүүлийн 39 дэх сум буудлаа. 7 цагтаа халтар 9 онож, төгсгөлийн сумыг 7 цагт нь дахин 9 оносноор дуусгав. Буудаж дуусахад үзэгчид алга ташиж байсан нь сайхан санагдсан юм. Харин хамгийн хэцүү нь 38, 39, 40 дэх сумнуудыг буудах агшинд би өөрийн эрхгүй сандлаасаа босоод орох байх газраа олж ядаж байсан нь нууц биш.

Дэлхийн залуучуудын анхны аварга төрлөө. МБСХ-ны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн хамгийн түрүүнд баяр хүргэж, -Хонгороо гэж хашгирахад: -Эргэж хараад яасан? Би медаль авсан юм уу? гэж асуув. Аварга болсоон гэж бид хэлж, Хонгороо ч уйлав. 

Ингэж Вальтер ЛП-300 буугаар дэлхийн аварга болсон юм.

Дасгалжуулагч  тамирчныхаа сэтгэлийг удирдахын тулд үргэлж байлдан дагуулж байх ёстой.Тамирчны хувьд юу хийх ёстой түүнийгээ л сайн гүйцэтгэж чадсан. Шүүгчийн ажил хийсэнгүй, буудагч хүн 40 сумыг ажиллагааны хувьд сайн буудсан. Буудаж дуусаад би медаль авсан юм уу? гэж өөртөө ч итгэхгүй асууж байхад нь “Чи аварга” болсон гэж хэлэхэд гэнэтийн энэ мэдээг сонсоод Ц.Хонгорзул уйлж билээ. Мон-Лаа компаний тамирчин, Монголын гар бууны залуучуудын дэлхийн аварга тамирчин Ц.Хонгорзул хийн гар бууны дасгалд 382 оноогоор ийнхүү аварга болсон түүхтэй. 

Хонгорзулын ярианаас:

Би тэмцээн болохоос өмнө ярилцлагаа бэлтгэчихсэн байсан. 
Би тэмцээнд ирэхээсээ өмнө ярилцлага яаж өгөх, юу ярих тухайгаа болон найр хийх тухайгаа бэлтгэчихсэн байсан гэж хэлэхээр нь би их гайхаж билээ... 

bottom of page