top of page

САЙН БУУНЫ ЯЗГУУР ШИНЖ 1-Р ХЭСЭГ

“Сайн бууны язгуур шинж оршивай” судраас ...

         Зиаг... “сайн буу сонгох” гэсэн нэгэн зүйлийн чухаг асуудал үеийн үед буунд дурлагч хэн хүний толгойг зовоож иржээ. Ер нь сайн буу гэж юуг хэлэх нь өөрөө асарррр том мананцар учраас үүний дотроос зөв сонголт хийх нь төдий чинээн бүрхэг агуулгатай болжугаам. Товчдоо бол, яг ямар бууг “сайн буу” гэх вэ? гэдэг бол дэндүү бүрхэг, дэндүү өнгөц шалгуур. Мэдээж муу буу авъя гэдэг хэнчгүй учраас сайн буу байх ёстой гэж шалгуур тавих нь хэтэрхий гэнэн төөрөгдөл. Харин би ямар буу авбал миний хэрэгцээнд таарах вэ? гэсэн зорилгын төлөө, -ийм ийм шинж чанар үзүүлэлттэй байвал надад таарах нээ гэж шалгуураа тодруулахыг зоривол арай л барьцтай.

Олонхи хүн “сайн бууг зөв сонгох” ужид процессын явцад багагүй мөнгө цаасаа гарлагадах ба тэднээс цөөнгүй нь нэгэнт оногдсон хувь тавилангийн зэвсэгтэйгээ эвлэрэн, оноход нь баярлаж, алдахад нь буруугаа чихсээр нүглийн саваа дүүргэн амьдардаг ажээ. Зүйрлэвээс эхнэр авах мэт. Зарим нь нэгэн насны амьдралдаа нэлээн хэдэн гэр бүл зохиогоод үздэг бол, ихэнх нь “сэгсгэр ч гэсэн эхнэр минь, сөөсгөр ч гэсэн үрс минь” гэсээр амьдрал үүрэлцэх ханьтайгаа хэрэлдэхдээ хэрэлдэж, гурилдаад ч болов кээксдсээр хорвоог бардаг ажгуу.

Аав нь эхнэр авсан, ах нь эхнэр авсан, бүр өвөө нь ч эхнэр авсан байлаа гээд мань эрд “сайн эхнэр” олдох ёстой гэсэн жам үгүй билээ. Аз таарч алтан загасыг нь их далайгаас шүүрч болох ч, эз таарч эвдэрхий тэвштэй эмгэн ч ногдох магадлал бас бий. Үүн лугаа аав чинь буутай байсан, найз чинь буутай болсон зэргээс үл хамаарч чиний бүх хэрэглээнд зөв таарчих буу ер нь хэцүү дээ. Тэр тусмаа фэйс дээр “ямар буу сайнб?” гэсэн пост тавиад, комментоос нь буу сонгох гэдэг бол солонгосын зуучлах товчооноос цээж зургаар нь нөхөр сонгодог хүүхнүүд шиг бүрхэг асуудал юм шүү дээ. “Хямд үнээр дажгүй эхнэр авна” гээд зар тавьсан чинь баахан харчууд “минийхийг ав” гэлээ гэдэг онигоорхуу л юм болжугаан тэр.

Гэснээс, саяхан болтол сурвалжлагч гудамжинд дурын нэг иргэнээс “монголын хамгийн сайхан бүсгүй хэн бэ?” гэж асуухад, бараг 100% нэгэн алдартай жүжигчин эмээг нэрлэдэг байживлээ. Яг, буу асуухаар “нарийн найман зуу” гэдэг шигээ.

За тэгээд “хүний эхнэр хөөрхөн мөртлөө янаг харагддаг” гэгчээр бусдын буу нүдний харц булаах нь бас л жам юм даа. Тэгээд л өөрийн буугаа харахлээр өгөр модон дээр зэвтэй труба баглацан аятай санагдаад байх нь ч бий. Угаасаа нэг тийм хүмүүс байдаг даа. Замын хөдөлгөөнд ч аятайхан оролцоод явчиж чаддаггүй, хажуу эгнээ нь хамаагүй хурдан яваад байгаам шиг санагддаг, тэгээл байн байн эгнээгээ солиол мурчиганаад явдаг.

За аанайхан л хадуурч байна. Ийм бэрх юмыг өнгөц туугаад байвзай гэх гээд л жаахан далийчлаа.

Ийм иймийн учир өөрийн өчүүхэн буурай туршлагын хэмжээнд ганц хоёрын зэрэг мэдлэг болчих магадгүй юм сараачъюу хэмээн зүрхэлвэй. Нэгэн зүйлийг анхааруулахад, миний бие “за тэр л сайн даа” гэж тодорхой бууны нэр заахгүй. Ийм ийм шинж чанартай буу ингэдэг, тэгдэг гэж л бичнэ. Тэдгээрийг харж байгаад өөрт чинь аль шинж тэмдэг нь түлхүү агуулсан буу арай ойр дөхөм таарахыг өөрөө мэдэж сонгоорой. Өөрөөр хэлбэл, “Сараа л чиний авгай болохым байна” гэж үзмэрч бөө аятай далбилзахгүй. Дажгүй хүүхнүүд ийм байдаг, ингээд байгаа хүүхнүүд дараа нь тийм зан гаргах магадлалтай гэхчлэнгийн юмс л бичих гээд байгаа хэрэг. За солиоролгүй явы зүгээр.

     I. Сум

Буу сонгоход хамгийн эхлээд сумыг нь харнаа. Энэ харалт нь дотроо хоёр чиглэлээр хуваагдана. 1-д: надад ямар сумтай буу хэрэгтэйв? 2-т: сумны олдоц нь ямар байх вэ? гэж. Сумны олдоц нь “хэр байх вэ?” биш, “ямар байх вэ?” гэснийг анзаарна уу. Үүнийг доор тайлбарлана.

Ямар сумтай буу надад хэрэгтэй? гэсэн нь дотроо ахиад -би ямар зорилгоор буу авч байна? -миний зорилгод ямар сум илүү сайн нийцэх вэ? гэж 2 хуваагднаа.

Ямар зорилгоор буу авч байна гэхээр бас дахиад -ан хийх үү? –бай буудах уу? гээд 2 хуваагдна. Эдгээрийг дүрслэвэл, доошоо салаалсан, мод хэлбэрийн график зурагдах нь. Магадгүй ингээд үзвэл өөрт чинь сонголт хийхэд амар болох ч юм билүү?

  1. Ан хийх бол: томхон амьтан уу? 5ж юү? гэж бас хуваагдчна. Томхон амьтан бол бас ямар нь дээрэв? Яахав, ийхэв? гэж хуваагдах ч, одоохондоо түр алгасъя. Сумны төрөл дээр биш бууны хийц дээр дурдагдах байх.

       Одоо салаалснаа багцлахыг оролдоё.

       Ан хийнэ, томхон амьтан буудна гэвэл: томхон амьтан гэдэгтээ бор гөрөөснөөс дээш, боохой, гахай гэж тооцлоо. Эдгээрээс өөрийг дурдах нь хууль зөрчсөн хэрэгт орох тул өөр бодолтой хүмүүс энэ амьтдаар багцаа аваад бусдыг нь тооцоорой.

     

     Энэ тохиолдолд хамгийн боломжит сумнууд нь 7х64/нарийн найм/, 30-06 /бүдүүн найм/, 308 win, 7.62х54р/орос винтов/, 8х57js /нэмц винтов/, 7мм /7mm rem.mag/, ихдээ л 300 магнум /300 win.mag/ сумнууд байх юм. Мэдээж энд манайхны өргөн хэрэглээ болсон ака сум /7,62х39мм/-ыг дурдахгүй өнгөрч яасан ч болохгүй. Гэхдээ энэ сум эдгээр амьтдад ерөнхийдөө чурдах хандлагатай байдаг тул ийн жагсаалтаас гадна нэмсэн гэдийг ч бас дурдах ёстой. Жагсаалтын хэдтэй харьцуулахад холын нисэлт муу, цохилтын хүч бага учраас ойртуулдаггүй сэргэг амьтдад сум хүрэхгүй, эсвэл томхон биетэй амьтдыг унагаж дийлэхгүй сум өгөөд явуулчих зэрэг дутагдалтай.

 

        Хааяадаа л зээр, бор гөрөөс тоншино. Эв нь таарвал боохой тээглүүлэх санаатай гэвэл ака сум, 223 rem, барс /5,6х39мм/, 308win /7.62х51мм/ зэрэг сумнууд хамгийн дажгүй таарах хүчин чадалтай.

Шалихгүй ээ, тарваганд л санаатай. Дээшлээд, хааяа л нэг зээр гөрөөсхөн нтр гэж бодож байгаа бол мэдээж галаабаяр. Халиавар, калаабар, орос тооз, чээх тооз нтр гээд үй түмэн нэрийг нь юу эс андахав. 22 lr буюу 5,6мм-ийн бага калибрийн бянтат буу. Гэвч энэ сумыг одоо манайд л анд хэрэглээд байгаа болохоос, өөр газарт бол ан хийхийг хориглодог гээд бичвэр бүрдээ дурдснаа энэ удаа алгасъяа. Яагаад гэвэл хүч сул учраас холхон зайнаас баргийн амьтныг унагадаггүй. Гэхдээ нэг зүйл анхааруулахад, маш олон хүн энэ сумны алах чадал, агнах чадвар хоёрыг ялгаж ойлгож мэддэггүй. “-Каляабараар үхэр буудаад алчдаг шдээ” гээд дайраад байдаг. Би өөр олон газар бичиж байсан, “энэ сумаар тулгуу ойр зайд эмзэг газарт нь буудахад үхэхгүй амьтан байхгүй” гээд. Санамсаргүй байдлаар ч гэсэн, эмзэг цэг дээрээ оногдсон баавгай хүртэл үхэх боломжтой. Харин энэ “амьтан үхүүлэх боломж” нь энэ сумаар ан хийх боломжтой гэсэн үг огт биш. Бараг ихэнх тохиолдолд буудуулсан амьтан юу ч болоогүй мэт зугтаад явчдаг. Шарх нь тэгсгээд эдгэцэн байх ч бий, эсвэл өвдөж халуураад тарчилж үхсэн байх нь ч бий. Биедээ халиаврын тугалгатай гөрөөс тээглүүлж явсан туршлага бас байнаа байна. Бас жаахан бацаан саваагүйтээд буга руу халиавардаад, газар дээрээ тэрийгээд унацан байхыг ч харж л байлаа. Бас буудлагын зай, хөнөөл учруулах зай хоёрыг ялгахгүй хүмүүс хаа сайгүй учир халиавар сум үйлдвэрлэгчид хайрцаг дээр нь 1,5 км-т аюултай шүү гэж заавал анхааруулга бичсэн байдаг. Тэгсэн мөртлөө энэнээс том, хүчтэй сумны хайрцаг дээр хэзээ ч хэдэн км-т аюултай болохыг бичдэггүй!!! Яагаадыг нь нэг тухтайхан эргэцүүлээд бодоорой.

 

        Тарваганы буу гээл халиаврыг ойлгоод байдаг, гэтэл одоо сахианы газраас /25-30метр/ буудуулдаг, даллууранд гозойдог нтр 5ж ер нь цөөрөх талдаа гарч байна. Тарвага элбэгтэй, олны хөлөөс зайдуу алс баруун аймаг гэх мэтэд л тиймэрхүү амьтад нь мэр сэр байх шиг. Лав л мань мэтийн хот суурингийн анчдын хөл хүрэх ойр орчмын газруудын тарвага ч их л хашир болж. Холоос л буудах шаанс өгч байна. Ийм холын буудлагад халиавар сум чурдана. 22wmr /22-ын магнум гэж нэршээд байх шиг/, барс сум эсвэл 223 сум л тун дажгүй. Миний хувьд 308 сумаар аргалдаг бөгөөд эвийг нь олоод зад буудчихгүй шиг авахыг л хичээдэг. Буруу газраар нь 308 орвол ч ёстой нэг дэлбэ авна даа. Барс, 223 ч ялгаагүй ханз татах магадлалтай.

 

       Сум амьтан дэлбэ буудахад хамгийн гол нь сумны хурд, хэлбэр нөлөөлдөг. Тэрнээс сумны калибр /диаметр/-ын хэмжээ огт хамаагүй шахуу. Маш бага нөлөөтэй.

 

       Уг нь онолын хувьд сумны энерги гэсэн юм байдаг. Хэдий хэрийн энергитэй сум ямар хэмжээтэй /жин, овор/ амьтныг унагах вэ? гээд. Энэ нь ангийн ойлголт учраас ангийн сумнуудын хайрцаг дээр тухайн сум хэдэн метрийн зайд, хэдий хэр энерги хадгалж нисэхийг нь бичиж өгсөн байдаг. Сумны тухай бичлэг дээр маань энэ талаар дурссан байгаа. 100, 200, 300 метрийн шатлалтайгаар бичиж өгсөн байдаг нь, ерөнхийдөө ийм л зайд амьтан буудаж байвал зүгээр шүү гэдгийг сануулж байгаа хэрэг. Даанч тэрийг тоодог хүн байхгүй лдээ. Юм л бол холын буудлага гэх болж. Гэтэл зай холдох тусам баталгаатай онох магадлал багасч ирдэг тул бай буудахдаа л юу юм гэхээс амьтан руу аль болох ойроос буудаж байгаарай. Ядаж шархдуулж зовоох магадлал багасна гэдэг талаас нь бод. Бас чи хичнээн сайн бууддаг байлаа гээд хэт холоос буудах үед сумны нисэлтийн хугацаа гэж юм бий. Цаад амьтан чинь байрнаасаа ялимгүй хөдлөхөд л чиний хараалсан газарт сум тусахгүй байх магадлал өндөр. Тийм учраас холд бол бай буудаж л өөрийгөө зугаацуулаарай.

 

     Энэ хол буудах мөрөөдлөөсөө болж маш олон хүн аль болох хүчтэй сумтай буу сонгох хүсэлтэй явдаг. Тиймээс бууны зар хараад асуудаг брэнд асуулт бол “АШИГТАЙ ТУСГАЛ НЬ ХЭДЭВ?” гэдэг. Хэдэд ашигтай тусгаж чадах хүмүүс ингэж асуугаад байдаг нь ёстой чөтгөр бүү мэд. Ер нь бол ингэж асуух хэмжээний бядтай гар бол үсрээд л 300 метрт юм онох хэмжээний чадвартай байх нь голдуу. Гэтэл дундаж калибрийн ихэнх сумнууд дунджаар 3 км-т нисэх ба 1 км-т юм онох боломжтой байдаг.

Сум хүчтэй байх тусмаа сайн биш, бүр маш муу ч байх боломжтой. Доор дэлгэрүүлнэ.

       Харин Монголд хэт хүчтэй /300 win.mag ба түүнээс дээш/ сумаар агнуулах амьтан бараг огт байхгүй. Аргал, янгир, баавгай, хандгай мэтийн овор ихтэй амьтадыг агнах хуулиар хориотой. Гүйцсэн бодон л юу юм гэхээс, боохой, бор гөрөөс мэтийн ердийн агнуурын амьтдыг эвгүй газраар нь сум оруулбал дэлбэ авна. Арьс мах нь будаа. Алах гэж буудаагүй, ашиглах гэж буудсан хүнд харамсалтай л юм болно.

 

       Дүгнэлт: Ийм учраас ямар анд зорьж байна, тэр андаа тохирсон хэмжээний хүчин чадалтай сумтай буу авч бай. Анд л хэрэглэх юм гэж буу сонгох бол..... сум нь миний зорьсон амьтдыг хангалттай, зөв, цэвэрхэн агнаж чадах уу? гэж тооцох нь байна.

   II. Бай бууднаа гэвэл. Зөвхөн бай буудах чиглэлээр буу авах хүмүүс надад багшлахаар өндөр мэдлэгтэй байдаг тул энд зөвхөн ангийн буу сумаар бай буудах агуулгатайгаар бичлээ.

      Одоо буу сонирхдог олон залуучууд ер нь бол ан хийнэ. Хааяа бай бууднаа гэж буу сонгодог болжээ. Тийм тохиолдолд мөн л ер нь ямархуу амьтан агнахаа эхлээд тооцох ч, хамгийн гол нь сумны олдоцоо бодох хэрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь дээр хэлсэнчлэн хэр олдоцтой байх тухай биш, ямар сум олдох тухай ойлголт юм. Уг нь 243 win, 6,5mm grendel, 6,5mm creedmoor, 6,5mm lapua гэх мэт бай буудахад зориулагдсан янз бүрийн агуу мундаг сумнууд байдаг ч, манайд олдохгүй, ховор тул алгасаад хүмүүсийн голдуу хэрэглэдэг сумнуудыг л дурдаад явнаа.

         Хэрвээ 7х64 сумтай буу авбал 1-д: бай буудаад байхаар элбэг, хямд сум олдохгүй байх магадлал өндөр. Гэтэл ихэнх тохиолдолд “хамгийн сайн буу аль нь вэ?” гэхээр “нарийн найм гэнэлээ” гээд ийм сумтай буу авцан байдаг. Яагаад..., юу нь..., яахаараа... “сайн” гээд байгааг огтхон ч асууж лавлалгүйгээр шүү. Бас энэ сумны хувьд зөвхөн ангийн сум буюу мохоо тугалган хошуутай сумнууд л манайд голдуу байдаг. Гадаадад өөр мэргэн цэцэн хийцтэй хошуутай загварууд нь байдаг ч, манайд бол их л сайндаа “тавцантай” ч гэдэг, “үетэй” ч гэдэг SPCE /soft point cutting edge-зөөлөн хошуутай, ирмэг мөртэй гэх байх/ загварын сумнууд нь л орж ирдэг. Энэ сум ангийн тусгал буюу 300, цаашлаад 500 метр хүртэл зайд амьтан алдахгүй онох хэмжээний л бөөгнөрөлтэй сум байдаг. Ан хийхэд бол маш сайн гэсэн үг. Харин илүү нарийвчилсан байдлаар тэмцээн уралдааны буудлагад бол шаардлага хангахгүй. Товчхондоо ийм сумаар түрүүлэхгүй ээ. Түрүүлэхгүй л юм бол хүний тоо бөглөх гэсэн биш, тэмцээнд орж үхсэн ацаа хийдийн?

         Бас 7,62х54р буюу винтов сумтай буу авах. Өөрийгөө зугаацуулах хэмжээний бай буудаад байхуйц элбэг, хямд олдоцтой боловч яг нарийвчилсан тусгал харьцангуй муу. Ийм буунууд ихэнхдээ хуучны урт винтов, залгаа эсвэл тигр, вепр мэтийн хагас автомат буунууд байдаг. Хагас автомат буунууд ажиллагааны зарчмаас болоод хангалттай цэцэн байж чаддаггүй талаар хойшоо тайлбарланаа. Бууны хийц загварын хэсэг дээр.

         Урт винтовыг /мосин-наган 91/30/ аваад үзье. Алин галавын 130 шахам жилийн өмнөх буу. Ан хийхэд хангалттай сайн. Гэхдээ бай буудаад орчин цагийн цэц өндөртэй буунуудын хаана ч хүрэхгүй. Бас замаг ангийн хийц бүтцээс шалтгаалаад орчин үеийн сайн дуран хараа суурилуулах боломж хомс. Өөрийнх нь зориулалтын ПУ дуранг нэг найз “бүргэд хаалганы шагайвар шиг” гэж тун оновчтой зүйрлэсэн байдаг. Үнэндээ л бараг тийм. 3,5х таталттай ийм дурангаар орчин цагийн 27х таталттай дурантай өрсөлдөн бай буудаад түрүүлэх боломжгүй. Гэхдээ над мэтийн ретро стил сонирхдог төрлийн хүмүүст бол энэ буу, дуран гоё л харагддаг.

          Залгаа /залгамал винтов/. Цэргийн ангиас хуссан элдэв пулемётын гол төмөрийг винтов, карбин /НК-8,2/ гэх мэт хуучны бууны замаг анги дээр гар аргаар угсарсан буу. Хэн ч, яаж ч угсарч болдог. Төмрийн хөрөө, сам хөрөөний төмөр, богооны клапангаар гэртээ тасдагчаар хутга хийдэг шиг аргачлал технологи. Сайн хийсэн залгаа сайн гэсэн үг байдаг. Хутганы хувьд ойлгомжтой: амархан хугарчихгүй, мохчихгүй байвал сайн хутга болж гэнэ.

          Харин сайн залгаа гэж яг ямарыг.., яадгийг... хэлдэг юм бэ? Буудахад салаад уначихгүй байхыг уу?

         Хол шиддэг гэж шаагуузай. Сум хэр хол нисэх чинь зөвхөн сумны хүчин чадлаас л хамаарна. Хэзээ ч буунаас хамаарахгүй. Буунаас хамаарах зүйл байдаг, тэр нь юу вэ? гэдгийг би бас бичнэ. Гэхдээ тэр зүйл бол “сайн залгаа хол шиддэг” гэсэн эргүү галзуу таамгаас шал өөр зүйл.

       Хэрвээ гол төмөр, замаг анги хоёрыг “сайн залгаж” угсрахаар сумаа хол шидчдэг юм бол яагаад халиаврыг янз янзаар залгаад байхад сумаа хол шиддэггүй юмб? гэсэн хүүхдийн гэнэн асуулт тавихад л “сайн залгаа”-ны онол шууд хог дээр шороо бужигнуулаал савж унана. Ийм учраас ийм тэнэг сэдвээр хэрэлдэх хүсэлгүй тул би дандаа алгасдаг. Миний хувьд нэг дор олон галлах зориулалттай гол төмрөөр хийгдсэн тул ердийн ангийн бууг бодвол гол төмрийн элэгдэл нь арай бага гэдэг дээр л санаа нийлдэг.

Сэдэвтээ орж сумаа яръя. Винтов сумыг хэрэглэж байгаа буунууд нь нэг иймэрхүү. Дээр нь бидэнд ихэнхдээ олддог винтов сум бол ердийн ЛПС /легкая пуля со стальным сердечником-ган зүрхэвчит хөнгөн сум / буюу пулемётд ашигладаг сумнууд байдаг. Тиймээс энэ сумнууд мэргэн цэцэн буудахад зориулагдаагүй, аль болох олноор нь галлах шүрших зориулалттай. Тусгалын бөөгнөрөл тааруухан. Авууштай нь элбэг, хямд, хүчтэй. Ан хийхэд хангалттай сайн. Бай буудаад бас л түрүүлэх боломжгүй. Уг нь бай буудах зориулалттай 7н1, целевой гэх мэт загварууд байдаг ч, тэр нь олдоц муутай. Олдлоо ч, дээр хэлсэн буунууд нь асуудалтай. Хэрвээ зөвхөн 7,62х54р сумаар л бай буудна, мэргэн цэцэн буудмаар байна гэвэл ийм зориулалттай “св-98”, зенит, авл, бо, tkiv-85….. гэхчлэнгийн маш олон буунууд бий лдээ. Гэхдээ тэдгээр нь анд тохиромжгүй, хүнд, ховор. Оллоо, хэрэглэлээ гэхэд сум нь бас асуудалтайг ойлгосон байх. Гэснээс, винтов сумны бөгсөн дээрх тоо бол үйлдвэрлэсэн газар, хийсэн оныг нь заадаг гэдгийг маш олон хүн мэддэг ч, одоо болтол винтов сумны хүчний хэмжүүр нь гэж ойлгодог гарууд мундахгүй олон байна.

     Нэг зүйлийг анхааруулахад, Галт зэвсгийн, Эрүүгийн хуулиудад “байлдааны галт хэрэгсэл хууль бусаар олж авах” гэсэн ойлголт бий. Юүгсэн үгэв гэхээр, бууны дэлгүүрт зарагдаагүй сум өөртөө олж авсан, хадгалсан байх нь чамайг хууль бусаар олж авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иргэн хүн хилээр сум оруулж ирэх хориотой, гэр орондоо үйлдвэрлэх хориотой. Тиймээс хуулиар сумыг зөвхөн албан ёсны эрхтэй дэлгүүрээс авсан байхыг л шаарддаг. Дэлгүүрээс аваагүй л бол хууль бусаар олж авсан гэсэн үг. Захаас авсан гэсэн ядмаг тайлбар ямар ч хамаагүй, хулгайн юмыг дамжуулан авсан байна л гэнэ. Харин ч бүүр мушгиул, чи хууль бусаар галт хэрэгсэл зарж байгааг эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, хамжиж нуусан, хадгалсан байна гэж ч магад. Цаг зэвүүн болсы шоо хүүхдүүд ээ. Тиймээс энэ ака, винтов сумнуудын хэрэглээн дээрээ тунчиг анхаарал болгоомжтой байх ёстой шүү. Муу хүнтэй таарвал муухай юманд орооцолдох энүүхэнд.

 

        Харин миний хувьд 308 win сумтай буу сонгосон. Ангийн тугалган хошуутай нь ч байдаг, спортын матч /HPBT-hollow point boat tail/ сум нь ч олддог. Хүсвэл бай ч буудна, ан ч хийнэ гэсэн үг лдээ. Одоохондоо манайд үүнээс илүү тансаглачих сайн сум олдох боломж тун хязгаарлагдмал гээд дээр бичив. Ийм л учраас би “хэдэн ширхэг сум олдох вэ? гэдэг талаас нь биш, ямархуу үзүүлэлттэй, хэр чанартай сум олдох вэ? гэдэг талаас нь сумны олдоцоо тооцдог юм шүү дээ найзуудаа” гээд байгаам шүү дээ.

       III. Сумны хүч

       Сум нь шулуун нисэлтээ арай холхон зайд хадгалж нисдэг гэж, бас туррет тохиргоогоо оролдохгүй ерөнхийд нь барьсхийгээд буудахад амар гээд 7mm rem.mag, 300 win.mag сумтай буу сонгох хүмүүс байдаг. Нэг талаар энэ үнэн. Гэвч манайхны хэрэглэдэг олддог сумнуудад нь яг мэргэн буудлагад зориулагдсан хошуутай загвар нь бараг байхгүй. Үндсэндээ л ангийн сумнууд байдаг. Бас эдгээр төрлийн хэт хүчтэй буугаар бай буудахад тусгалын бөөгнөрөл тийм ч санасан хэмжээнд бөөн тусгалтай байж чаддаггүй. Энд хошууны хийцээс гадна нэг том шалтгаан бий.

     Ийм буунууд их хүчтэй тийрдэг. Дарь шатаж эхлүүтээ тал тал тийшээ түлхэж даралт өгдөг гэсэн энгийн юмыг бүгд мэднэ. Тэгээд аль чөлөөтэй тийшээ даралт явдаг буюу бууны ам тал руу сумаа хөөдөг. Яг энэ дээрээс.... даралт тал тал тийшээ түлхэх мөч маш хурдан, секундыг хэдэн мянга хуваасны дайтай болдог ч, сум гол төмрөөс салж амжаагүй байхад даралт аль хэдийнэ буугаа хөдөлгөөд эхэлцэн байдаг. Дээш, доошоо, баруун зүүн гээд хөндлөн тойргийнхоо чиглэлд даралт тал тал тийшээ жигд хүчээр үйлчлэх учир буу хөндлөн байдлаар хөдөлдөггүй. Харин сумаа урагш хөөх, даралт хойшоо түлхэх хүч хоёрын хүч зөрдөг учраас буу тууш чиглэлдээ хөдөлдөг буюу хойшоо тийрдэг. Магадгүй физикчид үүнийг илүү зөв тайлбарлах байхаа.

     Ингээд сум гол төмрөөс салж амжаагүй байхад буу хөдөлдөг учир богино гол төмөртэй бууны тусгалын бөөгнөрөл илүү сайн байдаг. Гол төмөр урт богино байх нь ямар нөлөөтэйг бууны хийц хэсэгт тайлбарлана. Сумын хувьд ийм байдаг байх нь.

       Бас тийрэлтээс шалтгаалж тусгал сарнидаг учир буу сум сонгоход буудагч өөрийн жингээ харгалзах ёстой гэсэн онол, буудлагын заавар бий. Масс ихтэй хүн тийрэлт сайн даах нь байшд. Амьдрал дээр ч анзаарагддаг, жин ихтэй биерхүү буудагч харьцангуй сайн буудах хандлага бий. Гэхдээ энэ бол гар буу нтр-д үйлчлэхгүй байхоо. Ер нь манай анчдад ч бас нөлөөлдөггүй лдээ. Мөнгө хүрээд, нүдэнд сэтгэлд гоё л харагдвал хамгийн хүчтэйгээс нь гэжугаал буугаа сонгодог.

        Гэвч энэ тийрэлтийн нөлөөг багасгах нэг сүрхий тоноглол бий. Muzzle brake. Би бууны муфт гээд нэг юм бичсэн. Тэнд энэ яадаг эд болох тухай бий. Сайн муфт тийрэлт багасгана, сумны нисэлтийг цэвэрлэж өгнө. Заавал том суманд байх ч албагүй, боломж нь байвал 223, 308 гэх мэт дундаж хүчтэй суманд ч ашиглаж болно. Бүүр бага калибрийн 22lr /халиавар/ мэтэд л хурцдах байх.

       Энд дурдаж буй хүчтэй сумтай холбоотойгоор ангийн буу яагаад тусгалын бөөгнөрөл тааруу байдаг тухай бас нэг учир шалтгаан байнаа. Ангийн бууг үүрч алхах, гар дээрээс буудах зэрэг ердийн хэрэглээний нөхцлүүдэд нь тааруулаад гол төмрийг нь нарийхан хийдэг, үйлдвэрлэдэг. Гэтэл буудлага хийх үед дарины шаталтын даралтаас болж гол төмөр гуядах хөдөлгөөнд ордог. Резонанс. Би гүрвэлзэх хөдөлгөөн гэж бичдэг. Гол төмөр нарийн байх тусмаа их гуядах нь тодорхой. Тиймээс мэргэн буудах зорилготой винтовуудын гол төмрийн аль болох бүдүүн хийдэг. Мэдээж хүн өргөж даахын эцэсгүй дандайсан юм хийхгүй. Гэхдээ орон сууцны бохирын хоолой шиг аварга бүдүүн гол төмөртэй буу байдаг. Голоор нь сум гүйх нүх нь харагдахтай үгүйтэй. Ийм буунуудыг тусгай хөл суурьтай хийдэг бөгөөд олноор үйлдвэрлэдэггүй. Ийм буугаар өрсөлддөг тэмцээн бий. Тэнд тодорхой зайд бүх сумаа нэг нүхээр оруулж чадсан эсэхээр нь аваргаа тодруулна. Би нэгэнтээ энэ төрлийн буунуудыг альбом болгож оруулж байсан. Манайд байдаггүй ч, ийм юмыг дурссаны учир, гол төмөр бүдүүн байснаар гуядалтгүй болж тусгалын бөөгнөрөл сайжирдагаа гэх гээд байгаа хэрэг.

      Одоо тэгэхээр ойлгомжтой болж байгаа байх. Сумны хүч ихсэх тусам гол төмөр гуядах нь бас дагаад ихэснэ. Тэгэхээр ангийн нарийн голтой, тэгээд ийм хүчтэй сумтай бол худалч хүнд гол төмөр бараг нүүр ороолгох нь байшд. Гозолзож байгаа гол төмрөөс гарч байгаа сум тэгэхээр тийм ч нарийвчилсан тусгалтай байж чадахааргүй байгааз?

        Гэхдээ ангийн нарийн голтой бууны тусгалыг сайжруулах бас нэг тоног бий. Limbsaver ч гэдэг, de-resonator ч гэдэг. Нэг тийм бандгар резин бий. Гол төмөртөө углачдаг. Уг нь энэ резинийг дэлгэрэнгүй тайлбарлах гээд бодож байсан ч амжаагүй. Тэгээд ч учиргүй нарийн тайлбарлаад байх юмгүй эд. Энд бичсэн нэрнүүдээр хайгаад гарч ирсэн видео бичлэгүүдийг нэг харчвал шууд ойлгогдоно.

     Ингээд би бүдүүн голтой варминт загварын буу сонгосон бүлгээ. Хүнд талдаа. Ийм бүдүүн гол төмөрийг бас bull barrel буюу бух гол төмөр ч гэдэг. Варминт загвар гэдгийн хувьд: хөдөө аж ахуйн хортон мэрэгч амьтад /огтоно, зурам...../-ыг vermin гэж нэрлэдэг юм байна. Ийм амьтдыг агнагчдийг varmint hunter гэж нэрлэдэг байж. Их холоос жижиг амьтан онож буудах нь нэлээн цэцэн буу шаардаад байж. Тиймээс мэргэн буудлагад ашиглаж байсан бүдүүн, урт гол төмрийг энэ амьтдыг устгах буунд ашиглаж эхэлсэн байна. Сүүлдээ энэ агналт ихэд хөгжөөд огтоно зурамнаас гадна өөр бусад жижиг амьтдыг ч буудах болсон ба бүүр varminting гэж спортын төрөл ч бий болжээ. 1500 метрт тарвага онох байдлаар тэмцэлддэг.

       Ингэж явсаар энэ спортод ашиглагддаг бүдүүн, урт голтой буунуудтай адил хийц загвартай бууг варминт загвартай буу гэж төрөлжүүлэх болжээ. Гэхдээ урт бүдүүн л бол варминт загвартай гэдэггүй. Сумнаас нь хамаарна. Нөгөө том магнум сумтай буунуудыг хичнээн урт бүдүүн голтой байлаа гээд варминт гэдэггүй. Угаасаа тийм аварга сумаар жижиг мэрэгч амьтан буудахгүй нь ямар ч тэнэгт ойлгомжтой шүү дээ. Уг нь энэ хэсгийг бууны хийцийн талаар бичихдээ оруулах байсан ч, бага зэрэг халуурчлаа.

         IV. Элэгдэл /сумнаас хамаарна/

         Энэ их чухалаа. Бууны зар харсан олон хүн “хэдэн сум гарсын? Хэдэн оных юм?” гэхчлэн асуудаг. Амьхандаа хэр элэгдснийг нь тооцоолчих гэж байгаа хэрэг лдээ. Гэхдээ ийм асуултаар бууны чанарыг тодорхойлох ямар ч боломжгүй лдээ. Яахав хар багцаа л авах юм даа. Хэдэн сум гаргаснаа тоолоод суужээдаг нь ч хэн билээ.

       Аль ч бууны гол төмрийг ердийн төмрөөр л хийнэ. Харин төмрөө хэрхэн яаж боловсруулснаас бууны үнэ, эдэлгээний чанар хамаарна. Эд ойлгомжтой өгүүлбэрүүд. Гэхдээ ив ижилхэн буунууд зарим нь яагаад хурдан элэгдээд, зарим нь яагаад арай удаан бариулаад байна? Энэ л ёстой ойлгомжгүй.

         1-д: Мэдээж эзний арчилгаанаас хамаарна. Буугаа буудсан дороо зөв цэвэрлэчдэг. Нэг дор голоо халтал олон бууддаггүй хүний буу харьцангуй удаан эдлэгдэнэ. Цэвэрлэгээний тухай бичлэг дээр энэ талаар дэлгэрэнгүй бий. Арго багш аятай “энэ талаар миний номон дээр бий” гэж байн байн донгосоод байгааг минь уучлаарай. Бичвэрээ сунжирсан их юм болгохгүйн тулд, нэгэнт бичээд хүмүүс уншцан юмыг ахин дахин дурдахгүй гээл ингэж шал шал хийгээд байгаа юм шүү.

         2-т: Гол төмрийн боловсруулалтаас бууны чанар, нас хамаарна. Энэ үндсэндээ зарагдаж байгаа үнээрээ ялгараад ирдэг. Үнэ дагаж чанар шүү дээ. Гол төмрийн боловсруулалтын талаар “Хүйтэн давталтын арга” гээд нэг юм бичсэн байгаа. Бусад аргуудаар нь боловсруулсан буу манайханд ховор учраас бичээгүй хэрэг.

        3-т: Сумны хүчнээс хамаарч буу хэд наслах нь тодорхойлогдоно буюу сэдвийн дагуух хамгийн чухал ойлголт. Элэгдэл гэж ерөнхийдөө бянт нимгэрэх, гол төмөр сунах тухай ойлголт. Өөрөөр хэлбэл буу сумаа эргэлдүүлэн нисгэх чадваргүй бол бууг дууссанд тооцно. Тэрнээс буудах тухайд бол зүгээр труба шиг болцон байсан ч сум буудагдаад гол төмрөөс гараад л байна. Бүр нэг зад үсэрч эвдэрдэггүй л юм бол яаж ийгээд сумаа чулуудаад, гай болох юмаа хорлоод л байх юм шүү. Тиймээс чиглэсэн байгаа онох онохгүйн талаас нь энд бичиж байгааг онцгойлон анхаарна уу.

           Багаас нь эхэлье. Халиавар /22lr-5,6мм/. Сумны хүч харьцангуй бага учир элэгдэл хамгийн бага. Дундаж ангийн халиаврууд /орос, америк, чех аль нь ч бай адил/ 60,000-аас 70,000 орчим буудахад цэцээ хадгалах чадвартай гэнэ. Нэг хүн хэд наслахав, жилд хэд буудахав гээд тооцоод үзээрэй. Насаараа байтугай хэдэн үеэрээ буудахаар байгаа биз?

           Харин хүйтэн давталтын аргаар гол төмрийг нь боловсруулсан халиавраар бол бүүр 250,000 гаран буудахад дажгүй юм ононо гэнэ дээ. Гэхдээ амьдрал дээр ингэж олон буудуулдагггүй. Бянтаа таслачдаг. Яагаад вэ? учир нь халиаврын сум зөөлөн тугалгаар хийгддэг. Тиймээс буудах үед бянтны мөр дагаж тугалга наалдаж үлддэг. Бас дарь нь үлдэгдэлгүй гүйцэд шатдаггүй. Гол төмөр дотор хог их үлдээдэг. Эдгээр бохирдлуудыг цэвэрлэлгүй буудаад байхаар бянт тасарчдаг. Бянт тасралтын талаар өөр олон бичлэгүүддээ зөндөө бичсэн учраас “-ингэдэг ээ” гээл орхиё. Харин эндээс анзаарч байгаа биз? Халиаврын бянт элэгддэггүй, харин бянт тасардаг гэдгийг.

        Ийм учраас халиавар авч байгаа хүн хэр удаан барихдаа санаа зовж байгаа бол хэдэн сум гаргасан эсэхэд нь биш, бянтаа тасалчилгүй цэвэрлэж арчлах талдаа л сайн анхаараарай.

            V. Бусад сумны хувьд:

             Уг нь ямар диаметртэй сум, ямар хэмжээний, ямар дарьтай байвал хэдэн сум гаргаад гол төмрөө муутгадаг болохыг нь тооцдог томьёо байдаг юм байна.

 

           Гэхдээ хэр муудсныг муудсан гэж үзэх вэ? гэдэг дээр бас хоёр талтай ажээ. Мэргэжлийн спортын, мэргэн буудагч гэх мэт цэц тусгалын өндөр нарийвчлал шаарддаг буудлагынхан бол ангийн буунаас нэг дахин бага буудснаа муудлаа гэж үздэг байх нь. Тухайлбал, 308 win сумны хувьд: ангийн буунууд ойролцоогоор 10,000 орчим буудаад тусгал мууддаг бол мэргэн буудлагынхны хувьд 4000-аас 5500 орчим буудаад “-цаашид энэ буу шаардлага хангахуйц мэргэн буудаж чадахаа больжээ” гээд тэтгэвэрт нь гаргадаг байна.

          Энэ хэсгийн эхэнд бүх бууг ижилхэн төмрөөр хийдэг гэсэн. Гэтэл ижил зүйлд ижил бус хүчээр нөлөөлвөл ямархуу үр дүн гарахав?

               Ойлгомжтой байгаа биз? Сум хүчтэй байх тусмаа гол төмөр хурдан муудах нь байшд!!!

300 win.mag сумны хувьд л гэхэд, мэргэжлийн буудагчид 2000 буудаад хэрэгцээнээс гаргадаг байхад, анчдын хувьд дунджаар 3000 буудаад дуусгадаг статистик байдаг юм байна. Гэхдээ энэ бол нэлээн сайн бууны хувьд гэжугаа шд. Гол төмрийн боловсруулалт муу, хямдхан буунууд бол бүүр цөөн буудаад л хэргээ барна. Жишээ нь СВД 12,000-ын нормтой байхад Тигрт үйлдвэрээс нь 6000-ын баталгаа өгөх жишээний. Гэтэл ижилхэн сумаар бууддаг урт винтов бүүр 4000 буудах нормтой гэх мэт. Гэхдээ эдгээр тоонууд яг таг ийм байх ёстой гэсэн үг биш, дунджаар тооцсон тоо гэдгийг сайн анхаарна уу. Буугаа зөв арчилдаг хямгатай хүн энэнээс олон буудах бол, буугаа цэвэрлэдэггүй галлаад байдаг хүн нормоос нь хэд дахин цөөн буудаад буугаа дуусгадаг.

           Манайхны түлхүү хэрэглэдэг ангийн сумнуудын хувьд: 7х64, 30-06 гэх мэт дундаж ангийн сумнууд ойролцоогоор 7000-8000 орчим буудуулж буу нь дуусдаг. Гэхдээ 30-06 сумыг хаа сайгүй сайн муу янз бүр хийдэг, янз бүрийн буунд ашигладаг учир энд бичсэн тооноос цөөн буудаад буу нь дуусах боломжтой.

          223 rem сум хэдий жижиг ч, харьцангуй гарааны хурд өндөртэй буюу хүчтэй. Тиймээс ийм сумтай ангийн буунууд 3500-4000 орчим буудаад цэцээ алддаг гэжээ. Манайхан үүнтэй ойролцоо сум гэвэл “барс” гэж буу мэдэх байхаа. 5,6х39мм буюу хэмжээгээр 223-тай бараг адил сум. Их л хурдан мууддаг буу даа. Тэгээд хүмүүс халиаврын гол барсын бөгсөн дээр залгасан байдгийг таминь үзээ л байлгүй.

Гэхдээ энд бас нэг анхаарах юм нь, нэг калибрийн сум боловч хүчээр ялгаатай сумнууд байдгийг юу эс андахав. Нөгөө шар хонгиотой, хар хонгиотой сум гэдэг элий балай ойлгоцыг ч зөндөө сонсоо байлгүй.

         Уг нь эрүүлээр хэлбэл дарины төрлөөс хамаараад нэг сум боловч гарааны хурд өөр өөр байдаг юм лдаа. Sellier bellot-ын матч 308 сум 801 м/сек-ийн хурдтай байдаг бол Тула 308 фмж сум 840 м/сек-ийн хурдтай байх жишээний. 830 м/сек-ээс доош хурдтай сумаар буудаад байвал 308 win сум нь дээр хэлсэн 10,000 орчим буудах нормоо биелүүлж чаддаг бол, 850 м/сек-ээс дээш хурдтай сумаар буудаад байхаар дөнгөж 5000 орчим буудаад цэцээ алддаг байна.

          Дүгнэлт: хүчтэй сум буундаа муу гэдгийг бүгд мэддэг мөртлөө яагаад буу авах болохоороо хүчтэй сумтайг нь сонгоод байна? Хэсэг буудаад тэртэй тэргүй зарчих юм чинь дээ гэж боддым болов уу? Монголд заавал том сум хэрэглэлгүйгээр хангалттай ан хийж болно шдээ.

          Эцэст нь базаад хэлэхэд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн бол өөрийн зорилго тус бүрдээ тааруулж янз янзын сумтай буу авч болно. Эсвэл өөрийн зорилгуудад аль болох ойр шинж чанар бүхий нэг л буу барьж болно. Жижигт томдохгүй, томд жижигдэхгүй сумтай ганц буу олох ч амаргүй. Тийм сумтай боловч, гүйгүүл амьтанд сандаргахгүй, хэвтээ амьтныг алдахгүй цэцэн байхын тулд ямар хийц загвартай буу байвал зүгээр вэ? гэдгийг цувуулаад бичнээ. Өөртөө таарсан буу сонгох амаргүй ажлыг “ашигтай тусгал нь хэдэв?” гэсэн ганц дамбигар шалгуураар авчдаггүй л юм шүү дээ хүүхдүүд ээ. Ийм асуулт асуух хэмжээний хүнд буугаа зарчий гэж шамдаж байгаа хүн хэд ч гэж шааж мэднэ. Ямар сайндаа 2 км-т үнэг алддаггүй, 1 км-т нүд алддаггүй буунууд энд тэнд өч төчнөөнөөрөө зарагдаад байхав дээ. За тэгээд үгийн далимд хавчуулахад “250-тай халиавар” сонирхогчид минь харааны самбар дээрх тоог хэд ч гэж бичээд, цаа муу сум чинь явах хэмжээгээрээ л явдаг юм шүү. Тоо бичсэн зоргоор нисээд алга болдог сум ч гэж юу байлаа. Мал шиг байвал чинь маллачих хүн захаас аваад замаар нэг бий.

Үргэлжлэл бий..... зөвхөн энэ хэсгийг уншаад буу сонгох гэвэл арай л учир дутагдалтай.

bottom of page