top of page

Дасгалжуулагчийн тухай хэдэн үг

Дасгалжуулагч нь бэлтгэлийн үйл явцад байнгын дүн шинжилгээтэй ажиллаж, дэг журам, өдрийн дэглэм, буудагч тамирчдын онолын мэдлэгийг сайжруулан дотно уур амьсгал үүсгэн ажилладаг байх шаардлага тавигддаг байна.


Шинэ зүйлийг бэлтгэлд нэвтрүүлэхдээ хэрхэн ямар зохицуулалтаар холбох вэ? гэдгийг урьдчилан сайн тооцоолон бодсон байх шаардлагатай болдог.


Дасгалжуулагч нь тамирчны сайн найз, нөхөр, хамгийн сайн зөвлөгч, сурган хүмүүжүүлэгч байхыг мэргэжлийн хувьд

шаарддаг. Бүх талын мэдлэгтэй байх шаардлага ч мөн өөрийн эрхгүй тавигддаг.


Багийн дасгалжуулалтын үед хувь тамирчин бүрийн чадварыг сайжруулах талаар мартаж болохгүй. Үүний тулд тамирчин бүрт өөрийн онцлог, бэлтгэлжилтийн түвшингийн чадварт нь таарсан даалгавар өгч түүнийг хэрхэн биелүүлж байгааг хянаж байх ёстой. Дасгалжуулагч бэлтгэлийн цагийн хэсэгхэн хугацааг техникийн бэлтгэлийн өөрийн сул тал дээрээ дагнан ажиллах талаар заавал төлөвлөж байх ёстой. Хэрвээ дасгалжуулагч тамирчны ядаргаанд буюу бэлтгэлийн ачаалал ихдэж байгааг мэдрэх юм бол тухайн тамирчны бэлтгэлийн ачаалалыг багасгах, буудлагын бэлтгэлээс нь түр хугацаагаар чөлөөлж, амраах, буу, сумгүй бэлтгэл өгөх зэргээр ачаалалыг хөнгөлнө. Энэ үед зөвхөн ядаргаанд орсон тамирчдын ачаалалыг хөнгөлөх болохоос багийн бусад тамирчдын ачаалалыг багасгахгүй байх ёстой гэдгийг дасгалжуулагч анхаарах шаардлагатай.

Бэлтгэлүүд нь тамирчинд ачаалал өгөхөөс гадна янз бүрийн аргачлал, тамирчны боломж, нөөц бололцоог шавхах, өөрт нь таарсан техникийн болон тактикын тулгамдсан даалгавруудыг хайж олох хэрэгтэй. Дасгалжуулагч нь тамирчинд байнга хэлж өгөх биш, харин тамирчинд сургахын тулд бодуулах, туршилт хийж буудуулах зэргээр өөрийг нь бие даалгаж ажиллуулснаар галын шугам дээр сайн ажиллаж сурдаг. Тамирчинг бэлтгэлийн үед дэндүү их халамжилж, өөрийн бие даасан ажиллагаанд суралцахад нь саад болсноор хэрэгцээтэй зоригийн чанарыг нь хөгжүүлж чаддаггүй. Дасгалжуулагч нь байг хянах дуранг хэрэглэж, тамирчны буудлагын техникийн онцлог, бэлтгэлийн үеийн алдаа, оноог тухайн үеүүдэд нь хэлж, зааварчилгаа зөвлөгөө өгнө. Буудагч тамирчны буудлага үйлдэж байх үйл явц, бэлтгэх байдлаа хянаж байх, буудлагын хэмнэл, буудлагуудын хоорондын амралт гэх мэтийн зүйлүүдийг цаг хугацаатай нь бичиж тэмдэглэн зөвлөгөө өгч байх ёстой. Ингэж хянаснаараа тамирчны сайн муу буудлагуудыг, зоригийн чанарт суралцахыг болон буудагч хүний заавал сурсан байх ёстой чанаруудыг эзэмшүүлдэг. Хэрвээ тамирчин хийж чадахгүй бол чангаар инээж болохгүйг санаж аваарай. Дууны өнгө өндөрсгөх, чанга хашгирах, цаашлуулсан үг хэллэг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Гэхдээ зарим нэгэн үед цаашлуулсан үг хэллэг хэрэглэх нь тамирчны “хор шар”-ыг малтаж, хөдөлгөх чадварыг нэмэгдүүлэх явдал байдгийг санахад илүүдэхгүй биз. Тамирчны цаашдын амжилтын өсөлт нь хир зэрэг байхыг дасгалжуулагч нь ажиллагаанд нь тавьсан дүн, ажиллах чадварын боломжоос нь хамааран тодорхойлдог. Тамирчны амжилтын өсөлтийг дасгалжуулагч өөрийн бэлтгэлийн хөтөлсөн тэмдэглэлээсээ хянаж, ямар чанарыг хөгжүүлбэл сул тал арилж, нөөц боломжийг дээшлүүлж болох талаар дүгнэлт гарган дараагийн бэлтгэлийн зорилгоо болгон тавьдаг. Тамирчин таны зааж байгаа байдлаар чинь дотроо дүрслэн хүлээн авна. Хамгийн гол зүйлийг санаж байх шаардлагатай. Юу вэ? гэвэл дасгалжуулагч хүн өөрийн ажилдаа үнэнхүү дуртай, бүтээлч, залуучуудыг сурган хүмүүжүүлэгч, шигшээ багийн амжилтын болон олон улсын хэмжээний мастерыг төрүүлж чадахуйц чадварлаг байх ёстой юм. Бэлтгэлийн нөхцөлд шалгалтын буудлага, шалгарах буудлага, финлаын буудлага, халз буудлага, тэмцэлдээнүүд зэрэг зоригийн чанарыг хөгжүүлэх бэлтгэлийн аргуудыг системтэйгээр оруулж өгөх шаардлагатай байдаг. Энэхүү бэлтгэлийн аргуудыг хүснэгт, график, амжилтын өсөж уруудаж байгааг харуулсан шугамнуудыг ашигласнаар тамирчны хувийн хариуцлага нэмэгддэг. Түүн дотроо бэлтгэлийн аргуудыг сонгохдоо тэмцээний дүрмийн шаардлагын дагуу тавих хэрэгтэй. Харин буудлагуудын серийн дундаж оноогоор, буудлагын бөөн тусгалаар дүгнэж болохгүй бөгөөд дасгалжуулагч өөрийн үзэмжээр биш, бодит байдлаар, юунаас болж алдаа гарав гэдгийг тодорхойлох ба гэнэтийн гал алдаж өөр газар онох, буунд засвар хийгээгүй байхад буудсан сумыг тусгайлан тэмдэглэвэл зохино. Энэ бэлтгэлийн аргуудыг хэрэглэснээр тамирчны бэлтгэлжилтийн техникийн түвшинг хянах бүрэн бололцоотой юм.

Дасгалжуулагч хүн шалгалтын буудлагын үеэр удирдахдаа уурлаж болохгүй. Харин баг хамт олны өмнө албан ёсны царайтайгаар багийн уур амьсгалыг удирдан авч явна. Баг хамт олон тэмцээний үед амжилтад хүрэхийн тулд бие бялдарын болон сэтгэхүйн хувьд ядарсан байдаг гэдгийг мартаж болохгүй. Буудлагын оноогоо сайн онохын тулд тэмцэлдэж байгаа тамирчдын ажиллагааг урт, удаан байлгах, сэтгэлзүйн хувьд тогтвортой байдлыг хадгалах зорилгоор анхааралтай сайн харж, ажиглах ба алдаа гарсан тохиолдолд засах арга хэмжээ авах шаардлагатай. Багийн хамт олныг зан чанарын болон сэтгэлзүйн хувьд нөхөрсөг, найрсаг, багийн өмнө тулгарсан хариуцлагыг гүнээ ухамсарлан ажиллаж чаддаг, тэргүүн байрын төлөө тэмцэгч болгон чадвар суулган хүмүүжүүлэх шаардлагатай болдог. Хэрвээ тамирчин “Аварга” болох зорилт тавиад тэмцээнд оролцож байгаа бол урьдчилан сануулан багийн төлөө тэмцэл бас чамаас хамаарна гэдгийг хэлэх хэрэгтэй. Буудагч тамирчид тэмцээнд багийн төлөө бодолгүй, зөвхөн өөрийнхөө төлөө бодол толгойд нь эргэлдэж, сандарч эхлэхэд тэмцээнд үзүүлж байгаа амжилт нь буурч эхэлдэг билээ. Ийнхүү өөрөө нэлээд олон оноо амжилтгүй буудаад ирэхээрээ цаашдын тэмцэл аяндаа алга болж, багийн төлөө гэсэн амжилтыг “угааж” эхэлдэг. Үүнээс хамаараад тэмцээнд оролцохдоо өөртөө итгэлгүй байх, амжилт буурах, багийн өмнөөс буудахдаа муу буудах вий гэж айх зэрэг үзэгдлүүд ажиглагддаг. Тэмцээнд бэлтгэж байгаа дасгалжуулагч бэлтгэл дууслаа гэсэн үедээ дараахь журмыг баримтлахыг зааварчилъя.

Тэмцээнээс хэд хоногийн өмнө дасгалжуулагч тамирчны бууг авч үзэн ямар нэгэн гацаа саатал байгаа эсэх, овоо хараа нь хөдөлдөг эсэх, гохны ажиллагаа хэвийн байгаа зэргийг хянана. Хэрвээ гохны болон овоо харааны хэсэгт өөрчлөлт орсон бол тамирчинд 3-4 удаагийн бэлтгэлийг өөрчлөлт орсон буугаар дасан зохицох бэлтгэл хийлгэх боломж олгоно. Ер нь бол дасгалжуулагч тэмцээнээс 2-3 хоногийн өмнө буудлагын сумтай бэлтгэлийг багасгаж, сайн амраах тал дээр анхаарах хэрэгтэй. Ийм завсарлага амралтын дараа анхаарал нь сайн төвлөрдөг байна. Мэдээж дасгалжуулагч бүр өөр өөр арга барилтай ч зарим дасгалжуулагч нар буудахгүйгээр буугаа гартаа үргэлж барьж, “хоосон” шагайлга хийхийг шаарддаг. Дасгалжуулагч тамирчдаа багийн хувьд хуваарилахдаа дасгал тус бүрд нь буудуулж, сорилт авдаг. Гэхдээ хоёр ээлж болгон авах нь зүйтэй. Мэдээж туршлага ихтэй, чадварлаг тамирчдаа сонгох нь ойлгомжтой ч тэмцээнд ажиллаж чаддаг зоригийн чадвартайг нь сонгох хэрэгтэй. Нэгдүгээр ээлжинд буудсан тамирчдын дүн гарахад дараагийн ээлжинд буудах тамирчдын толгойд багийн хариуцлагын шаардлага, тэмцэл зүй ёсоор тавигддаг. Тэр ээлжинд тавигдсан тамирчдын амжилтанд дасгалжуулагч нар тэр бүр эргэлздэггүй байна. Зарим үед нэгдүгээр ээлжинд буудах сонирхолтой тамирчид байдаг бол тэднийг амжилтууд илэрхий тодорхой болсон хоёрдугаар ээлжинд буудах юм бол тэдний хариуцлага өндөрт тавигдаж, ажиллагаа хүндэрдэг. Тэмцээний дүрэм ёсоор тамирчинтай ганцхан хүн харьцах ёстой бөгөөд тамирчны дасгалжуулагч нь шүүгчийн зөвшөөрлөөр уулздаг. Дасгалжуулагч буудаж байгаа тамирчинтай уулзаж, хүндэрсэн байдлаас гарахын тулд яаж ажиллаж болох, буудлагын чанарт анхаарлаа хандуулж ажиллахыг зөвлөнө. Дасгалжуулагч нь тамирчны өдөр бүрийн бэлтгэл дээр байж, тамирчнаа хэрхэн ажилладагийг мэддэг болохоор тамирчныхаа буудлагын үед нь буудаж байгаа ажиллагааг ажиглан амралт, техникийн ажиллагааны алдаатай талыг хэлж, сэтгэлзүйн талын дэмжлэгийг үзүүлнэ. Тэмцээний үеийн сандралыг хэлж, зөвлөхөөс гадна зүрхний цохилтыг тоолох, биеийн тэнцвэрийн ажиллагаа ердийн үеэсээ өөрчлөгдсөн байгаа болон тамирчны нүүрний өөрчлөлт, хувирсан ааш занг бас ажигласан байх ёстой байдаг. Заримдаа тамирчин маш тайван байдаг тал бас бий. Гэхдээ тэмцээн эхлэхэд ааш нь хувирч түүнд бүх юм сөргөөр нөлөөлж эхэлдэг. Буудлагын хүрэм нь хаа нэгэн газраа нухах, барих, буудах өдөр маш халуун байна, хэн нь маш чанга инээгээд байна, хэн нэг нь түүнийг ширтээд байна, хэрэглүүр тулгуур нь сэтгэлд нийцэхгүй байна гэх зэрэг гомдол тайлбар тавих байдал ажиглагдах ба багийн хамт олноо үл хүндэтгэсэн байдал ч бас гаргадаг байна. Зарим буудагч өөрийн буудаж байгаа дотоод “ертөнц”-өө гадагш илэрхийлж, толгой дохих, сэгсрэх зэрэг үйлдлүүд хийдэг билээ. Энэ бүгдийг мэдэж байгаа дасгалжуулагч урьдчилан тооцоолсон байх ба буудагчийг галын шугам дээр сайн ажиллаж, тэмцээний амжилтыг сайжруулах арга хэмжээ авна. Иймэрхүү сандралын үеийг дасгалжуулагч тэмцээн эхлэхээс эхлэн сандрал буюу түгшилтийн байдал арилтал нь ажиглан өөрийн хяналтандаа хэрхэн ажиллах хүртэл нь харна. Хэрвээ тэднийг хэрхэн ажиллаж байгааг харахад залуу тамирчдаас гадна туршлагатай тамирчид ч гэсэн бууны хөдөлгөөн, байн дээр онож байгаа байдал, өөрийн хэвшилт биш гэнэтийн хөдөлгөөн зэргээс нь харж, ажиглаж болно. Бидний амьдралд ийм нэгэн үзэгдэл ажиглагддаг... энэ нь барилдаж байгаа бөхийг хараад булчин чангарч, хазайсан тал руу нь хазайх, хайчаар юм хайчлахдаа хичээх үед толгойны эрүү хайчны амыг даган хөдлөх, хөл бөмбөг тоглож байгаа тамирчдыг хараад хаалганд орж байгаа бөмбөгийг нэмж оруулах мэт хөдөлгөөнүүдийг өөрийн эрхгүй бид хийдэг бол үүнийг ухамсаргүй дууриамал хөдөлгөөн гэдэг. Буудлагын үед анхаарал сайн төвлөрсөн байх үеийн биеийн хөдөлгөөн хүчилж байгааг хангалттай харж болно. Тийм учраас тэмцээний үеийн болж байгаа аливаа байдлыг дасгалжуулагч хүн сайн ажиглаж, тэмцээний дараа дүгнэлт ярилцлага хийж байх хэрэгтэй. Дүгнэлт ярилцлагын дараа тамирчин өөрийн сул тал дээр ажилладаг бөгөөд харин дасгалжуулагч тамирчны техник болон тактикийн аль нь дээр алдаа гарсныг улам хүндрүүлэн даалгавар өгч гүйцэтгүүлэх хэрэгтэй. Хэрвээ буудлагууд хүндрэлтэй явагдаж байвал буудлага болж байгаа цагийг, тэгш овоо хараатай буудахыг тамирчинд хэлж, тухайн байдлыг хөнгөвчилснөөр буудагч хөнгөхөн “цоглог” ажиллаж эхэлдэг. Харин салхины хурд, чигийг анхааралтай ажиглаж нөхцөл байдлыг тодорхойлох нь чухал байдаг. Салхитай үед дасгалжуулагч нь тамирчинд зарим үед буудлагын хоорондын зайг багасгаж, олон сумыг хурдавтар хэмнэлээр буудахыг зөвлөх хэрэгтэй. Энэ нь салхи улам нэмэгдэх үед хангалттай хугацаанд үлдсэн сумаа сайн буудахын тулд ажиллах хугацаа гаргаж байгаа тактикын ажиллагааны нэг хэсэг юм. Дасгалжуулагч тамирчныг харж байхдаа буудлагын хугацааны “торгон агшин”-д хэрхэн удаан гох буулгаж байгааг сайн ажиглах хэрэгтэй. Зарим тамирчдын сурсан буюу удаан барьдаг муу зуршил нь ажиглагддаг байна. Энэ нь ялангуяа гар бууны тамирчдад тэмцээн дээр илт ажиглагдана. Буудаж чадаагүй буулгаад амралт бүрэн авч чадаагүйгээр дахин яаран гар өргөн шагайж эхэлдэг. Ийм байдалд гарын булчин сэргэж чадахгүйгээр үл барам улам ядарч, чичирч эхэлнэ. Иймэрхүү байдалтай үйл ажиллагаанд буудагдсан буудлага яавч олигтой оноо үзүүлдэггүй. Харин буудаж чадаагүй буудлагын дараа бүрэн амралт аваад буудах юм бол буудлагын чанар сайжирч, онооны үзүүлэлт ч бас сайн байна. Энэ үед дасгалжуулагч амрахыг зөвлөж, хугацаа хэлж амраагаад буудуулах шаардлагатай. Үүний дараагаас буудагч бүрэн амралт аван сэргэж, ердийн хийж байсан буудлагынхаа хэмнэлд ордог байна. Тэмцээн эхлэхэд зарим тамирчид сандарч эхэлдэг бол зарим тамирчид шалгалт эхлэх үед харьцангуй тайван байснаа оноод ирэхээр дараа нь сандарч эхэлдэг ба энэ үед буудлагын ажиллагаа хүндэрдэг гэдгийг дасгалжуулагч бүр сайн мэддэг. Тэмцээний нөхцөл байдлаас хамаараад тамирчны үйл ажиллагаа өөрчлөгдөнө. Дасгалжуулагч нь тамирчныхаа хувийн зан чанар, тэмцээний үеийн ажиллагааны хариуцлагын зан чанар зэрэг олон үйлдлүүдийг дандаа хянаж, ажиглан мэддэг байх шаардлагатай.

Эхэн үедээ сандралтай байсан тамирчин өөрийн хэвийн байдалдаа ороод буудахдаа сайн буудаж эхэлдэг тул дасгалжуулагч энэ бүгдэд саад болохоор хутгалдах хэрэггүй. Хэрвээ дасгалжуулагч тамирчныг хараад хэвийн ажиллаж байгааг хараад итгэлтэй байх бол оролцох хэрэггүй гэж байгаа шүү дээ, харин их хүч зарцуулж эхний хэдэн буудлагаа буудсаны дараа үргэлжлүүлж ажиллах гэж байгаа бол буудлагын төгсгөлд ядралт үүсэж, мэдээж муухан буудлагуудаар төгсдөг. Ингэж муу буудлагаар төгсгөхгүйн тулд тамирчныг дуудаж, амралтаар ажиллах чадварыг сэргээснээр дараагийн серийг хэвийн буудлагын хэмнэлд оруулах шаардлагатай. Буудагчийн сэтгэлзүйн байдал сайн, муу буудсанаас болоод маш хурдан өөрчлөгддөг. Ийм хурдан өөрчлөлт гарах үеийн сэтгэлзүйн байдлыг дасгалжуулагч өөрийн тамирчныхаа зан байдлыг мэдэх тул удирдан жолоодох нь чухал. Муу буудлагын дараа тамирчин бүр янз бүрийн авир гаргадаг. Дуу алдах, огцом үйл хөдлөл үзүүлэх, юмаа шидлэх гэх мэт... энэ нь дараагийн буудлагуудадаа сөргөөр нөлөөлдөг тул энэ талыг нь сайн ажиглах шаардлагатай байдаг. Зарим тамирчид муу буудлагын дараа бушуухан дараагийн сумаа цэнэглэж буудахыг завддаг. Энэ үед дасгалжуулагч тамирчиндаа их амралт авч бэлтгэх байдлаа шалгахыг сануулах хэрэгтэй. Санаандгүй гал алдах ч байдаг юм уу? Тохиолдлын буудлагын дараа тамирчин өөрийн хэвийн ажиллагаандаа орж чадахгүй байх, буу чичиргээнд орох, итгэлгүй байх зэрэг үзэгдлийг ажигласан дасгалжуулагч тамирчиндаа буудахгүйгээр “хоосон” шагайлга хийж байгаад хэвийн болсны дараа буудлагаа үргэлжлүүлэхийг зөвлөх хэрэгтэй. Иймэрхүү зөвлөгөө тамирчинд ажиллагааны хувьд эрч хүч, урам зориг өгдөг бөгөөд харин хэлэх зөвлөгөөгөө цөөн хэдэн үгээр хэлэх нь зүйтэй. Цөөн хэдэн үгээр илэрхийлсэн зөвлөгөөг сонссон тамирчин урамшиж, өөрийн алдсан оноогоо нөхөхөөр зориг орон итгэлтэйгээр ажиллаж эхэлдэг байна. Харин ямарч тохиолдолд дасгалжуулагч дууныхаа өнгийг өндөрсгөн ярьж болохгүй гэдгийг анхаараарай. Тэгвэл тамирчны сэтгэлзүйд сөргөөр нөлөө үзүүлэх болно. Хэрвээ тамирчин муу буудлага хийгээд эхлэвэл дасгалжуулагч тамирчиндаа онцлог тактикийн ажиллагааг сонгож, яагаад муу буудав, багийн дүнг хойш нь татахгүйн төлөө яах ёстойг ойлгуулах шаардлагатай. Дасгалжуулагч ярихдаа инээмсэглэн учирлан хэлсэн тэр л өгүүлбэр тамирчны хэвийн ажиллагаа буюу сэтгэлзүйн дарамтыг арилган сайн буудлагыг эргүүлэн авчирдаг. Зөрүүд, хурц ааш зантай тамирчинд харин яаж ажиллахыг нь хэлэх болохоос биш, чамаас болж багийн амжилт хамаарах гэж байна гэсэн утгаар хэлж болдоггүй байна. Дасгалжуулагч нь тамирчны буудлагын хэвийн үйл ажиллагааг явуулах чадварыг суулгахын тулд тэмцээний сандралын үеийг засах талаар буудлагын эхэн үед ч, буудлагын дундуур ч амьдралын бодит мэдрэгдэх үгээр ажиллагаануудыг найрсагаар, нөхөрсөг ёсоор хэлж өгч байх хэрэгтэй.

Заримдаа тамирчин шалгалтын буудлага буудаж байх, амжилттай буудаж байгаа үе, түүнд байгаа нөөц бололцоо зэрэг үйлдлээс дасгалжуулагч ихээхэн зүйлийг суралцдаг. Хувийн амжилтаар оролцож байгаа тамирчид багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдаас илүү амжилт үзүүлдэг тохиолдол бий. Ийм тохиолдолд өөрийгөө буруутгах хэрэггүй. Хувийн амжилтаар буудаж байгаа тамирчин хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй чөлөөтэй ажиллаж чаддаг бол багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчид тийм чөлөөтэй байдаггүй билээ. Хэрвээ тэр тамирчин багт буудах байсан бол тэмцээний багийн хариуцлагыг бодон тийм хэмжээнд ажиллаад өндөр онооны амжилт үзүүлэх байсан уу? гэж эргэцүүлэн бодох хэрэг гардаг. Санаагаар унах хэрэггүй, харин өөрийн гэсэн хатуу бодлоготой, баримталдаг зарчмаасаа хазайхгүй байх шаардлагатай. Харин багийн уур амьсгалын төлөө санаа тавьдаг, тайван байдлыг хадгалах, тэмцээнд ялалтын төлөө итгэлийг нэмэгдүүлэх зэрэгт санаа тавибал зохино. Төгсгөлд нь дараахь хэдэн зүйлийг хэлье. Миний хэлж байгаа юм болгон эмийн сангаас эм авах “Жор” биш. Та өөрийн тамирчнаас бүгдийг сурч байх суралцагч. Ахуй амьдралын, ажил төрлийн , сургууль, бэлтгэл хийж байх болон амралтын талын бүхий л зүйлийг ажиглан харж, мөн юунд дуртай, юунд дургүй гэдгийг мэдэж байх шаардлагатай. Байнга хөгжүүлж, сайжруулахын тулд эрэлхийлж байх, шинжлэх ухааны үндэслэлтэй ном сургалтын материалаас заах аргачлал хайсан, олон олон хэцүү дасгалыг эзэмшүүлэхээр спортын сурганы олон зүйлийг мэдсэн байх хэрэгтэй. Өргөн хүрээний шинжлэх ухааны мэдээлэл нь тамирчны амжилтыг ахиулах шинэ санаа, техникийг сайжруулах аргачлалыг бий болгодог. Өөрийн спортын төрөл дээрээ нөөц бололцоог шавхан олох ямар хэрэгсэл ашиглаж сурах шаардлага өөрийн эрхгүй тавигддагийг дасгалжуулагч бүхэн сайн мэднэ. Дасгалжуулагч хүний ажил нь тийм амар ажил биш. Орой болтол хийсэн юмаа бичих, бэлтгэлийн төлөвлөгөө гаргах, шинээр ном уншиж судлах, дараагийн бэлтгэл болон тэмцээнд бэлтгэх, тамирчнаа яавал өндөр амжилтанд хүргэх талаар шинэ аргачлал сүвэгчлэх зэргээр өдрөөс өдөр, сараас сар өнгөрөн улирсаар байдаг. Бараг амралтын өдөр байдаггүй гэхэд болно. Хэрвээ үнэхээр үнэнчээр хийж, хөдөлмөрлөж байгаа бол цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөхөд амжилт өөрөө ирсэн байх ба ямар ч байсан урагш нэг алхам биш нэлээд алхам ахисан байдаг юм. Монголын спортын түүхэнд хэмжигдэхүүнтэй спортын төрөлд Олимпийн наадамд “Олимпийн дээд амжилт”-анд хүрнэ гэдэг агуу хөдөлмөр зарцуулж байж хүрдэг юм билээ. Үг хэлнэ гэдэг мөнгө, дуугүй байна гэдэг алт. Буу нь мэргэн, энгэр дүүрэн медальтай байхыг хүсэн ерөөе!


Дасгалжуулагчийн тухай хэдэн үг


Дасгалжуулагч нь бэлтгэлийн үйл явцад байнгын дүн шинжилгээтэй ажиллаж, дэг журам, өдрийн дэглэм, буудагч тамирчдын онолын мэдлэгийг сайжруулан дотно уур амьсгал үүсгэн ажилладаг байх шаардлага тавигддаг байна. Шинэ зүйлийг бэлтгэлд нэвтрүүлэхдээ хэрхэн ямар зохицуулалтаар холбох вэ? гэдгийг урьдчилан сайн тооцоолон бодсон байх шаардлагатай болдог. Дасгалжуулагч нь тамирчны сайн найз, нөхөр, хамгийн сайн зөвлөгч, сурган хүмүүжүүлэгч байхыг мэргэжлийн хувьд шаарддаг. Бүх талын мэдлэгтэй байх шаардлага ч мөн өөрийн эрхгүй тавигддаг.

Comments


Recent Posts
3.png
8.png
Аварга клуб
Пара холбоо
​​Ярилцлага
Тамирчдын мэдээлэл
bottom of page