Монголчуудын онооны өмнө Дэлхий өвдөг сөхөрлөө ... ДАШТ Кайр хот, 2022 он
Монголын тамирчид шагналын
АЛТ МӨНГӨ ХҮРЭЛ тавцанд зогсон
Монгол улсын төрийн дуулалаа хоороор дуулав.
Буудлага спортын Дэлхийн Аварга шалгаруулах 4 жил тутамд зохиогддог бөгөөд Монголын баг гар бууны тамирчид 1998 онд 1 алт, багийн хүрэл, 2006 онд хүрэл, 2010 онд залуучуудын алт, 2014 онд багийн мөнгө, залуучуудын багийн алт, 2018 онд залуучуудын багийн мөнгөн медаль авч байсан түүхтэй бол 2022 онд Кайрод болсон 53 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин түүхийг шинээр бичлээ.
Хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд багийн амжилтаар хүрэл медалийн оосроос атгаад алдаж байсан тэр өдрөөс хэдхэн өдрийн дараа Монголын гар бууны ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Э.Даваахүү нар 50м сонгомол гар бууны Холимог (Free pistol Mixed team) дасгалд багийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, улсын дээд амжилтыг шинээр тогтоов.
Монголын гурван мэргэн бууч ОУХМ Ц.Мөнхзул алт, ОУХМ Т.Баярцэцэг мөнгө, СМ Э.Хишигдэлгэр хүрэл медалиар том калибрийн гар бууны 25 метрийн (Center fire pistol) төрөлд энгэрээ мялааж, шагналын тавцанг манай гурав эзэгнэн Монгол улсынхаа төрийн дуулалыг хоороороо дууллаа.
Энэ бол буудлага төдийгүй, Монголын спортын ховор гайхамшигтай амжилтыг та бүхэндээ дуулгахад таатай байна. Том калибрийн гар буугаар медаль авах боломжийг бүрдүүлж өгсөн Аваргаас аварга клуб нь өрсөлдөгч тамирчдыг судлан мэргэн бууч бүсгүйчүүдээ буу, сумаар хангаж ийм амжилтанд хүрсэн юм. ҮШБ-ийн дасгалжуулагч МУГД Л.Ундралбатын удирдлагад гар бууны тамирчид нь спортын шинжлэх ухааны үүднээс судалгаа, харьцуулалттай хандаж, сургалт явуулдаг олон удаа өндөр амжилт үзүүлж буйг дурдах хэрэгтэй.
Тус тэмцээнд ОУХМ Ц.Мөнхзулын үзүүлсэн 585 оноо нь дэлхийн дээд амжилт, манай тамирчид Монгол улсын дээд амжилтуудыг олон олон дасгалуудад шинэчлэн, шинээр тогтоов. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн эрх авч чадаагүй ч ОУХМ Ц.Анударь 9-р байр, ОУХМ О.Есүгэн 9-р байранд шалгарч байсан бол ОУХМ О.Есүгэн 3 байдлаас буудах дасгалд финалд шалгаран 7-р байр эзэллээ. Гар бууны тамирчин СМ Э.Хишигдэлгэр “Олон улсын хэмжээний мастер”-ын болзол хангасан.
Монголын Буудлага спортын Холбоо, ҮШБ, Алдар СХ, Аврагч СХ, Хүч СХ болон дэмжигч нийт хамт олондоо медаль авсан түүхийн хуудсыг шинээр бичилцсэн мэргэн бууч тамирчдадаа баярлалаа.
Тамирчдыг бэлтгэл хийлгэсэн МУГД Ц.Өлзийбаяр, Д.Лхадорж, дасгалжуулагч нар, тамирчдын ар гэрийнхэндээ дахин талархал илэрхийлье.
ОНООНЫ ӨМНӨ ӨВДӨГ СӨХӨРНӨ...
Дэлхийг дайлаар мордоод буцсу...
Comments