Буудлагын тамирчны биеийн хүчний бэлтгэл
Буудлагын спорт нь хөдөлгөөн үйлдлийн хувьд маш хязгаарлагдмал билээ. Үүний дээр зарим дасгалжуулагчид нь бусад спортын төрлөөр хичээллэх болон биеийн хүчний ерөнхий бэлтгэлийн ач холбогдолыг дутуу үнэлж, бэлтгэл сургуулийн явцад буудлагын тамирчны үйл ажиллагааг буудлагын спортын ямар нэгэн дан ганц төрлийг эзэмшихэд чиглүүлдэг байна. Буудлагын дасгал хийхэд нэгэн янзын үйлдэл хэвийн байдлаар үргэлж давтан хийгддэг учраас уйтгартай ядаргаатай байдалд шилжин тамирчны дур сонирхлыг бууруулдаг. Ингэснээр хөдөлгөөний дасгал баяжихгүй, харин эсрэгээрээ тэдгээрийн цаашид боловсронгуй болгох бололцоо нөхцөлүүд нь хумигддаг байна. Энэ нь заримдаа бэлтгэлийг үргэлжлүүлэн хийгээд байхад спортын уран чадварын өсөлт зогсох үндсэн шалтгаан болдог ба нэгэн хэлбэрийн ажил гүйцэтгэснээс болж ядаргаа болох, хичээлийн сонирхол буурах нь спортын амжилтыг бууруулахад хүргэдэг. Ийм учраас буудлагын тамирчдын ялангуяа буудлагын аль нэгэн төрөлд тусгайлан мэргэжиж байгаа тамирчдын бэлтгэл сургуулийн ажлын хөтөлбөрт биеийн хүчний ерөнхий ба тусгай хүчний бэлтгэл, туслах чанарын спортын төрлөөр хичээл хамрагдах ёстой. Тэдгээр төрлүүд нь бэлтгэл сургуулийн хичээлийн зайлшгүй нэгэн хэсэг болж төлөвлөгдөх ёстой. Харин тамирчдын сайн дурын хэрэг болгон хувиргаж болохгүй. Хөдөлгөөний дасгалыг эзэмших үндэс суурь нь хүний бие мах бодын гайхамшигт онцлогуудын нэг нь мөн бөгөөд энэ нь давтан ба өсөн нэмэгдэж байгаа ачаалалд урьд байсан түвшинөөсөө ажлын чадвар тодорхой хэмжээгээр нэмэгдэгт оршино. Энэ шинж чанарыг бодит зүйл болгохын тулд хөдөлгөөний дасгалыг төлөвшүүлэхийн зэрэгцээ биеийн хүчний чухал шинж чанарыг биедээ эзэмших, юуны урьд хүч, тэсвэр, хатуужил, авхаалж самбаа, хурдан шалмаг чанарыг эзэмших хэрэгтэй. Эдгээр шинж чанарууд нь бие биенээсээ салинги байддаггүй. Гэвч эдгээр шинж чанарын харилцаа холбоо нь аль нэгэн шинж чанарыг илүү эзэмшиж болохгүй гэсэн үг хараахан биш. Зохих дасгалыг сонгон авч хичээллэснээрээ жишээлбэл тэсвэр хатуужлын чанарыг илүү сайн эзэмшиж болно. Ямар ч төрлийн спортод буудлагын спортод ч ялгаагүй энэ зорилтыг биеийн хүчний ерөнхий ба тусгай бэлтгэлээр шийдвэрлэгдэнэ. Буудлагын спорт нь булчингийн өргөж барих, тогтонги хүч үйлчилдэгээрээ нэлээд онцлог. Урт бууны гурван байдлаас буудах зэрэг дасгалыг буудахад 5 цагийн (хуучин дүрмээр) туршид 7-8кг жинтэй винтов бууг олон дахин өргөхөд тамирчин хүн нэлээд энерги зарцуулах шаардлагатай. Яагаад гэвэл тамирчин энэ хугацаанд ачаа өргөсөн нийлбэр дүнгээрээ 3 тонн ачаа өргөхтэй тэнцэх ажлыг хийж, винтовыг удаан хугацаагаар өргөж барьсны улмаас тамирчны булчингийн аппарат нэлээд ажлыг гүйцэтгэдэг. Ажиглалтаас харахад стандарт урт буугаар бууддаг тамирчин сонгомол винтовоор зогсоо буудах дасгалыг гүйцэтгэхдээ бууг нийт 72 минутын турш өргөн барьж буудсан тооцоо гарчээ. Үүнээс гадна буудлага нь амьсгаа түгжихтэй салшгүй холбоотой байдаг. Тамирчин буудахдаа 1-3 удаагийн үйлдлээр нэг сумыг гарцаагүй сайн буудах ажиллагаа хийлээ гэж үзэхэд 5 цагийн туршид амьсгал түгжилт нийт 40-50 минут болдог байна. Энэ нь бие махбодод хүчилтөрөгчийн дутагдлыг гарцаагүй буй болгож, цаашдаа ядаргаанд оруулах үндэс болдог байна. Эдгээрээс авч үзэхэд буудлагын тамирчдад хүч ба тэсвэр хатуужлыг хөгжүүлэх хэрэглүүр болох биеийн хүчний бэлтгэл ямар их ач холбогдолтой болох нь тодорхой. Мөн буудлагын тамирчны төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны зохицолтод чухал ач холбогдолтой. Үүнд: · Уураг тархины холтсон давхаргад явагддаг мэдрэлийн процессын хөдөлгөөнийг ихэсгэх · Нөхцөлт рефлексийн холбоо шинээр үүсэж бүрэлдэх · Төв мэдрэлийн систеийн төвүүдийн хооронд холбоо тогтоох, үйлчилгээ үүсэж бүрэлдэх · Хөдөлгөөний ашигтай даслууд бэхжихэд сайнаар нөлөөлнө. Иймээс биеийн тамир, спорт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэхээс гадна зөв амьсгалах уушигны амьдралын багтаамж ихэсгэх, булчингийн аппаратын бэхжих, хүчний ба хөдөлгөөнгүй барих тэсвэр хатуужилтай болох, авхаалж самбаа, түргэн шалмаг, түргэн тусгамтгай, өөрийгөө эзэмдэх чадвар зэрэг шинж чанаруудыг бүрдүүлнэ. Биеийн хүчний бэлтгэл сайн хийсний болон бусад төрлийн спортоор хичээллэсний үр нөлөөгөөр богинохон хугацаанд өндөр амжилтанд хүрч, шилдэг тамирчдын эгнээнд орсон тамирчид цөөнгүй.
Тэргүүний шилдэг тамирчид, дасгалжуулагчдын туршлага дээр үндэслэн хуримтлуулсан материалыг ашиглан буудлагын спортын тамирчдын биеийн хүчний бэлтгэлийн шинж чанарын тухай тодорхой дүгнэлтийг хийх болжээ. Буудлагын тамирчид нь биеийн хүчний бэлтгэлээр доорхи шаардлагыг эзэмших ёстой. Үүнд: ●Булчингийн систем хангалттай хөгжсөн байх, ялангуяа хэвлийн булчин, мөрний бүслүүр, гар, хөлийн булчингууд удаан хугацаагаар буудлага хийхэд амжилт нь буурахгүйгээр байх тэсвэр хатуужилтай болох ●Буудах бэлтгэлийн үед биеийн байрлалыг хэвээр хадгалахад буюу мөн тэрчлэн гохыг буулгахад шууд оролцоогүй тэдгээр булчингуудыг аль болохоор ажиллуулахгүй, дээд хэмжээгээр сулласан байх ●Хэвтээ ба суугаа буудлагад цээжний хөндий ямар нэг хэмжээгээр дарагдсан үед амьсгаа давчдахгүйгээр амьсгалд оролцогч хүчтэй булчинтай байх ●Мэргэн оновчтой бөгөөд нэгдмэл хөдөлгөөнтэй, түргэн тусгалттай, сайн хөгжсөн тэнцвэрийн эрхтэнтэй байх Буудлагын тамирчны биеийн хүчний ерөнхий ба тусгай бэлтгэл нь эдгээр шинж чанарыг эзэмшихэд чиглэгдэнэ. Буудлагын дасгалуудыг амжилттай биелүүлэх явдал бол тамирчнаас биеийн хүчний бүх талын хөгжил, мэдрэлийн системийн дасгалжилтын өндөр түвшинг шаарддаг учир тэдгээрийн бэлтгэл нь дийлэнхдээ нэгдмэл шинж байдалтай байх бөгөөд
биеийн хүчний болон тусгай чанарын үндсийг жигд хослуулан хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой.
Буудлагын тамирчны биеийн хүчний бэлтгэлийг тохиолдлын чанартай буюу улирлын чанартайгаар, эсвэл уралдаанд бэлтгэх байдлаар хийх бус, бүхэл жилийн турш байнга хийхдээ бэлтгэлийн эрч хүчийг нэмэх, хасах журмаар хийнэ. Энэ тухайд буудлагын тамирчны амьдрал ахуйд өглөөний гимнастик усан дасгал (хүйтэн усаар арчих, шүрших)-ыг нэвтрүүлэх нь тэдгээрийн өдрийн дэглэмийн зайлшгүй чухал нэг хэсэг нь болох ёстой. Буудлагын тамирчны өглөөний гимнастик нь булчингийн аппаратыг бүхэлд нь бэхжүүлэх, амьсгалыг задлах, биеийн уян хатан, хөдөлгөөний оновчтой эвсэлтэй болоход чиглэгдсэн байх ба олон тооны ерөнхий дасгалуудаас тогтоно. Буудлагын спортын тамирчны онцлогыг харгалзан гар, хуруунуудыг нугалан булчин, нурууны бүслүүрийн хэсгийн булчинг хөгжүүлэхэд зориулагдсан дасгалуудыг өглөөний гимнастикт оруулах нь зүйтэй. Бага зэрэг хэмжээгээр өргөж барих хүчний дасгалыг оруулах нь ашигтай юм. Удаан биш хугацаагаар ачааг өргөж барих нь булчинг хөгжүүлэхэд сайн нөлөөлөх ба булчингийн аппаратыг буудлагын бэлтгэлд дасгаж өгдөг байна. Мөн тэнцвэрийг хөгжүүлэх дасгалыг оруулах шаардлагатай. Хөдөлгөөнт тавцан дээр тэнцвэрийн дасгал хийх зэрэг шаардлагыг харгалзан өглөөний гимнастикаар нэгдсэн дасгалыг хийж байх нь ашигтай юм. Тамирчин өглөөний гимнастик хийсний дараа бие ядарч сулрах биш, харин бие сэргэж байхаар тийм ачаалалтай хийх нь зүйтэй. Буудлагын тамирчны биеийн хүчний ерөнхий бэлтгэл нь буудлагын спортын онцлогоос хамаарахгүйгээр биеийн хүчний доорхи чанаруудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн байх ёстой, хүч, хүчний ба ерөнхий тэсвэр хатуужил, түргэн шалмаг авхаалж самбаа, уян хатан чанарууд юм. Хүч Хүчийг хөгжүүлэх дасгалууд: ●Хүндрэлтэй дасгал (годил, чихмэл бөмбөг, туйван өргөх зэрэг) ●Уян хатан зүйлийн эсэргүүцэлтэй дасгал (резин, бинт, эспандер) ●Өөрийнхөө жинг даах дасгал (юм татах, бөхийн хагас суух, хэвтээгээрээ гар дээр суниах) ●Хөдөлгөөнгүйгээр булчинг хөгжүүлэх дасгал (булчингийн хүчийг хөдөлгөөнгүй биетэд чиглүүлэх, хана, багана зэргийг шахах түлхэх)
Биеийн хүчний дасгалуудын тусламжтайгаар хүчийг хөгжүүлэхэд хэд хэдэн арга байдаг боловч тэдгээр дасгалын ачаалалын хэмжээ, хөдөлгөөний давтагдах тоо, давтамж, дасгалыг гүйцэтгэх хурд, амралтын үргэлжлэх хугацаа зэргүүдийн харьцааны янз бүрийн хэлбэрүүд юм. Буудлагын бууг өргөн барьсан байдалд барьж буудах нь булчингийн асар их хүчийг шаардагдахгүй нь мэдээж боловч гол нь хүчний ба хөдөлгөөнгүй барих тэсвэр хатуужлыг шаарддаг. Энэ нь удаан хугацаагаар олон дахин буудах байдалд байсантай харьцангуй холбоотой юм. Бэлтгэлийн үед хүчийг хөгжүүлэхийн тулд бага жингээр олон дахин давтан ядартал нь хүндрүүлэх дасгал хийлгэх нь ашигтай. Дараа нь түр амраагаад өөр хөдөлгөөнгүй барих тэсвэр хатуужлыг олгох бусад дасгалуудад (6-8 дасгал) шилжих хэрэгтэй. Хүчийг хөгжүүлэхэд өөрийнхөө жинг даах дасгалуудыг амжилттай хэрэглэж байна... бөхийн хагас суух, хэвтээгээрээ гар дээр суниах, ширээн дээр суниах зэрэг болно. Ийм бэлтгэл хийхэд ямар ч төхөөрөмж, спортын заал, спортын талбай шаардагдахгүй юм. Үүнтэй төсөөтэй дасгалуудыг бүхэл жилийн турш хаана ч хийж болно. Хүч, хүчний тэсвэр хатуужлыг хөгжүүлэхэд чихмэл бөмбөгийн дасгал ашигтай. Чихмэл бөмбөгийн дасгалыг буудлагын тамирчны биеийн хүчний бэлтгэлийн үндсэн хэрэгслүүдийн нэг. Хосоороо буюу хэсгээрээ 4-6 кг-ын жинтэй бөмбөгийг янз бүрийн байрлалаас хүчээ шавхан шидэх дасгал хийх нь зөвхөн хүч төдийгүй, чухал чухал булчингийн агшилтын хурдыг хөгжүүлдэг байна. Түүнээс гадна дасгалын олон тоогоор (25-75 удаа) давтан хийх нь хүчний тэсвэр хатуужлыг маш сайн хөгжүүлдэг дасгалыг янз бүрийн темпээр хийх хэрэгтэй. Хүчийг хөгжүүлэхэд нэг минутанд 8-15 удаа шидэлтээс багагүй хүчний тэсвэр хатуужлыг хөгжүүлэхэд 23-35 шидэлтээс багагүй байх. Энэ арга нь дасгалын хурдац давтах, давтах тооны хувьд арай их ч байж болох юм. Гэхдээ энэ нь буудлагын тамирчны биеийн хүчний хөгжилд юуны өмнө хүчний тэсвэр хатуужлыг хөгжүүлэх бодит хэрэглүүр болсон чихмэл бөмбөгийн дасгалын ач холбогдолыг яасан ч бууруулахгүй юм. Тэсвэр хатуужил гэдэг нь бие махбодын үл ядрах чадварыг хэлнэ. Өөрөөр хэлбэл тамирчны биеийн хүчний ба техникийн бэлтгэлжилтийн өндөр түвшинд, сэрлийн тодорхой нэгэн зэргийг удаан хугацаагаар барих мэдрэлийн хийн чадвар, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны өндөр зохицуулал, солилцооны процессын гамтай ажиллагаа, сэтгэл зэргийн хүчээр ядаргааны эсрэг үл мэдрэх чадвараас бүрэлдэнэ. Спортын практикт ерөнхий ба тусгай тэсвэр хатуужил гэж ялгаж үздэг. Ерөнхий тэсвэр хатуужлыг хөгжүүлэх арга бол аль болох олон тооны булчинг хамарсан биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай дасгал юм. Үелсэн хөдөлгөөнийг удаан давтах дасгалаар ерөнхий тэсвэр хатуужилтай болно. Иймээс буудлагын тамирчны ерөнхий тэсвэр хатуужлыг хөгжүүлэх үндсэн хэрэглүүр бол цанаар явах, усанд сэлэх, удаан хугацааны гүйлт, түргэн алхаагаар удаан явах, спортын янз бүрийн тоглоомууд болно. Тусгай тэсвэр хатуужил гэдэг нь тамирчин мэргэшиж байгаа биеийн хүчний тодорхой нэгэн дасгалд ажлын чадварыг удаан хугацаагаар үр дүнтэй хадгалах чанарыг хэлнэ. Энэ чанар нь жинхэнэ буудлагын дасгалыг үйлдэх явцад бүрэлдэн тогтоно. Гэхдээ хоёр гол зарчмыг бодолцох хэрэгтэй. Үүнд: 1.Буудлага тус бүрийг үйлдэхэд (буудагчийн бие-буу) бүрэн системийн хамгийн тогтвортой байдлыг дээд зэргээр ханган бүрэлдүүлэх 2.Бүх дасгалыг буудаж дуусгахын туршид удаан хугацааны хөдөлгөөнгүй барих ачааллыг тэвчих. Иймээс тусгай тэсвэр хатуужлыг олгох үндсэн арга бол буу, түүний загвар буюу ямар нэгэн юмыг буудах байдалд барих тусгай дасгал мөн. Авхаалж самбаа ба хурдан шалмаг биеийн хүчний эдгээр чанар нь буудлагын тамирчинд маш чухал шаардлагатай. Эдгээр чанарыг хөгжүүлсэнээр шинэ хөдөлгөөнийг түргэн эзэмших, өөрчлөлттөй нөхцөлд буудлагыг амжилттай хийх чадвар дээшлэх, анхаарлыг төвлөрүүлэх ба хуваарилах чадвар боловсронгуй болж, нөхцөлт рефлексийн холбоонуудын нөөц баяжиж, сэрлийн урсгал хурдсах зэрэг буудлагын тамирчинд чухал бусад чанарыг олж авна. Авхаалж самбаа, хурдан шалмаг чанарыг олгох үнэт хэрэглүүр нь спортын ба хөдөлгөөнтэй тоглоом, гинастикийн дасгалууд юм. Ойрын зайн гүйлт, үсрэлт, бөхийх, их биеийн эргэлт, гарын хөдөлгөөнүүдийг үйлддэг дасгалууд хийгдэггээрээ онцлог билээ. Эдгээр тоглоом нь хөдөлгөөн шаарддаг, оновчтой хөдөлгөөнийг хөгжүүлдэг, өөрөөр хэлбэл бүхэлдээ буудлагын тамирчны биеийн хүчний чанаруудыг бүх талаар хөгжүүлэхэд тусалдаг юм. Биеийн хүчний ерөнхий бэлтгэл нь биеийн хүчний үндсэн шинж чанар болох-хүч, тэсвэр хатуужил авхаалж самбаа, хурдан шаламгай чанаруудыг хөгжүүлэхийн гадна нэлээд нарийн тусгай зорилтыг шийдвэрлэж өгдөг. Энэ нь амьсгалын ба тэнцвэрийн эрхтэнг хөгжүүлэх явдал мөн. Буудлагын спорт нь тамирчны уушигны амьдралын багтаамж буюу амьсгалын аппратыг хөгжүүлэхэд өндөр шаардлага тавьдаг. Буудлагыг хийх үеийн амьсгал түгжилт нь бие махбодыг тодорхой хэмжээний хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Иймээс биеийн хүчний ерөнхий бэлтгэлийг төлөвлөхдөө амьсгалын эрхтэнг хөгжүүлэхэд онцгой анхаарал тавих хэрэгтэй. Амьсгалыг хөгжүүлэх дасгалыг тайван байдалд бус, биеийн хүчний жигдхэн ачааллын үед хийх нь ашигтай болох нь спортын практик ба судалгаагаар нотлогдсон. Жилийн ямар ч улиралд хийж болох хамгийн сайн дасгал бол жигд амьсгалаар түргэн явах дасгал мөн. Өвөл нь цанаар явж, зун нь хөнгөн атлетикаар хичээллэх, ялангуяа жигд амьсгалтай холын зайн гүйлт, усанд сэлэх ба завиар сэлэх зэрэг болно. Энэ дасгалууд нь амьсгалын булчингийн хүч, уушигны амьдралын багтаамж зэрэг нэмэгдэхэд туслана. Буудлага үйлдэх үед (буудагчийн бие-муу) бүрэн системийг аль болохоор тогтвортой байлгахын тулд тэнцвэрийн дасгал нь шууд холбоотой. Тэнцвэрийн эрхтний ялгах мэдрэхүйг сайжруулах туршигдсан арга бол тэшүүрээр гулгах явдал мөн. Олонхи тамирчид дугуйн спортыг хичээллэхийг ашигтай гэж үздэг ба биеийн ерөнхий хүчийг хөгжүүлдэгийн гадна тэнцвэрийн эрхтний бэлтгэлд туслана. Зарим буудлагын тамирчдын бэлтгэлийн байдлыг харж байхад дугуйгаар явж ирээд түр завсарлагааны дараа (1-2 цаг) зогсоо буудахад сайн байдаг байна. Үүнээс үзэхэд дугуйгаар явах нь нэгэн ёсны сайн бие халаалт болж, хөл, хэвлийн ба гарын булчинд аятай нөлөөлснөөр хөдөлгөөнгүй буудах бэлтгэл хангагддаг байна. Буудлагын тамирчны биеийн хүчний ерөнхий бэлтгэлийн дасгалыг сонгон авахдаа ялангуяа уралдааны үед ямар нэгэн хэмжээгээр сумтай буудлагад харшлах зарим төрлийн спортоор хичээллэхээс зайлсхийх хэрэгтэй. (хүнд атлетик, савлуур, турник, өндөр нам савлуур,) Цаначид, тэшүүрчид, хөнгөн атлетикчид, усанд сэлэгчид, завиар сэлэгчид, гимнастикийн тамирчид буудлагын спортоор хичээллэхэд түргэн хугацаанд амжилтанд хүрдэг байхад хөнгөн атлетикчид нэлээд түүртэж байж мэр сэр амжилтанд хүрдэг байна. Биеийн хүчний хүнд ажлын дараагаар олон цагийн туршид гар чичирдэг болдгийг өөр дээрээ ажиглаж болох юм. Тамирчдын бэлтгэлийн өдрийн дэглэмд бага хэмжээний жигд гүйлт, гүнзгий амьсгаа авалт гаргалттайгаар түргэн алхлуулах дасгалыг оруулах нь зохимжтой гэж дээр өгүүлсэн билээ. Уралдааны үед өдрийн дэглэмд өглөөний гимнастикаар хязгаарлах, харин идэвхитэй амралтын журмаар явган зугаалах, цанаар явах дасгалыг оруулж болох юм. Тэрчлэн тэмцээний үед спорт тоглоомоор тоглохыг хориглоно. Учир нь болзошгүй гэмтэл буюу булчин хүндрүүлэх зэрэг нь буудлагын тамирчны амжилтыг огцом бууруулах шалтгаан болох нь олонтой байдаг. Биеийн хүчний тусгай бэлтгэл нь буудлагын тамирчны биеийн хүчний ерөнхий бэлтгэлийн үргэлжлэл хэсэг. Энэ нь буудлагын спортын онцлогт шаардагдах биеийн хүчний чанарыг тусгайлан хөгжүүлэхэд чиглэгдэхийн хамт доорхи зорилтуудыг шийдвэрлэгдэнэ. ●Буудлагын бэлтгэх байдалд биеийг бууны хамт хөдөлгөөнгүй барих үүргийг гүйцэтгэгч булчингуудыг давуу хөгжүүлэх ●Буудах дасгалыг буудаж дуустал бууг удаан хугацаагаар хөдөлгөөнгүй барих тусгай тэсвэр хатуужлыг хөгжүүлэх ●Тэнцвэрийн эрхтэн, булчингийн мэдрэхүй, хөдөлгөөний нарийн саланги үйлдэл зэрэг тусгай чанаруудыг эзэмших Биеийн хүчний тусгай бэлтгэлийн үндсэн хэрэглүүр нь буудлагын дасгал буюу буудлагын техникийн
нарийн үйлдлүүд өөрөө болно. Мөн тэрчлэн тусгай бэлтгэлийн дасгалууд байдаг. Иймээс тусгай бэлтгэл нь буутай бэлтгэл буюу бэлтгэх байдалд байх загвараар хийх дасгалууд дээр суурилагдана. Тэгэхдээ биеийн хүчний тусгай бэлтгэлтэй холбоотой биеийн хүчний ихэнхи дасгалууд нь ажлын өдрийн туршид буюу гэр ахуйн нөхцөлд гүйцэтгэдэг байна. Буудлагын тамирчны биеийн хүчний тусгай чанарыг эзэмших түгээмэл арга хэрэглүүр нь бэлтгэх байдалд буутай хийх бэлтгэл, сумгүй “хоосон” шагайх бэлтгэл юм. Эдгээр дасгалыг янз бүрийн ачаалалтайгаар бэлтгэл хийлгэх журмаар буудлагын тамирчны янз бүрийн тусгай чанаруудыг онцлон хөгжүүлэх боломжтой. Тогтвортой барих тусгай тэсвэр хатуужил нь бэлтгэлийн явцад бүрэлдэн тогтох ба түүнийг олон янзын аргаар хөгжүүлдэг байна. Үүнд: ●Бэлтгэх байдалд бууг нэг удаа барих хугацааг уртасгах, буудсаны дараа буугаа буулгалгүй буудах байдлаар шагайсан хэлбэрээ хадгалах, гохыг олон дахин дарах, хоосон буудлагын үед тэгш овоо харааны зургийг “барих” ба боломж нь таарсан үед гохыг дахин дахин буулгах маягаар хараалах хугацааг аажмаар нэмэгдүүлэх ●Бэлтгэлийн ачаалалын эрчийг ихэсгэх, жинхэнэ буудлагыг (хоосон) буудлагатай салаавчлан хийх замаар бууг барих нийлбэр хугацааг ихэсгэх ●Бууны загвар буюу буутай адил жинтэй ямар нэгэн зүйлийг удаан хугацаагаар бэлтгэх байдалд бариулах журмаар гар буучын баруун (зүүн) гарны мөрний бүслүүрийн булчингийн хүчний тэсвэр хатуужлыг хөгжүүлэх, энэ аргыг дуртай цагтаа гэр орны нөхцөлд ч хэрэглэж болдогоороо тохиромжтой юм.
Тэнцвэрийн эрхтэнг хөгжүүлэхэд шалан дээр тавьсан нарийхан дөрвөлжин модон дээр нэг ба хоёр х дагууд нь буюу хөндлөн зогсох, гонзгой бөөрөнхий модон тайрдас дээр тавьсан банзан дээр тэнцэх, (гэртээ ийм энгийн хэрэгсэлтэй байхад илүүдэхгүй юм) унадаг дугуй дээр хөдөлгөөнгүйгээр тэнцэх, замын хашлага дээр дасгал хийх зэрэг болно. Булчингийн мэдрэхүйг хөгжүүлэх, зогсоо бэлтгэх байдалд зориудын бус ганхах хөдөлгөөнийг ухамсартайгаар эсэргүүцэхтэй чадварыг эзэмших, булчингаа зөв удирдах чадварыг эзэмшихийн тулд бэлтгэлийн явцад хүндрүүлсэн нөхцөлд дасгалыг явуулах хэрэгтэй. Эдгээр чанарыг төлөвшүүлэхэд биеийн тулах талбайг зохиомол аргаар багасгасан нөхцөлд сумтай буюу сумгүй буудах дасгалыг хийлгэх нь ашигтай. Үүний тулд бэлтгэх байдлыг шалан дээр бус, харьцангуй бага диаметр бүхий нимгэн модон жийргэвч дээр зогсож, энэ байрлалд биеийг тогтоон барьж байгаа булчингийн ажиллагаанд хяналт тавих биеийн ганхах хөдөлгөөнийг багасгах, “бүрэн систем”-ийг дээд зэргээр хөдөлгөөнгүй болгоход анхаарлаа төвлөрүүлэх энэ дасгал нь тэнцвэрийн эрхтэнг хөгжүүлэхэд сайн нөлөөтэй.
Comments