top of page

Л.Ундралбат: Медаль авч чадаагүйн бүх бурууг би үүрнэ


Буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбаттай уулзаж, манай тамирчдын олимпийн наадамд оролцсон байдлын талаар ярилцлаа.

- Риогийн олимпод Монголын гурван буудагч оролцлоо. Гэвч медаль хүртэх нь байтугай шигшээд шалгарч чадсангүй. Шигшээ багийг удирдсан дасгалжуулагчийн хувьд тамирчдынхаа амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?

- Монголын буудагчид 1964 оноос хойш өнөөдрийг хүртэл олимпийн наадамд алгасалгүй оролцож ирсэн. Дээр үед бол медаль авахаасаа илүү оролцох нь чухал байлаа. Сүүлдээ медаль авдаг төрөл болсон.

Би шигшээгийн ахлах дасгалжуулагч болсноос хойш өмнөө тавьсан нэг зорилго тавьсан. Монголын тамирчин арын хуудсанд бичигдэхгүй байх. Өөрөөр хэлбэл, дандаа тэргүүн эгнээнд өрсөлдөнө гэсэн үг. Энэ олимпоос буудлагынхан медаль авна гэдэгт монголчууд итгэж байсан. Харамсалтай нь тэр итгэлийг биелүүлж чадсангүй. Шигшээгийн ахлах дасгалжуулагчийн хувьд Монголын ард түмнээсээ уучлалт гуйж байна.

Тамирчдын үзүүлсэн амжилтыг тоочвол Г.Нандинзаяа хийн буунд 414.8 оноогоор 14 дүгээр байрт орсон. Гурван байрлалаас буудах дасгалд 582 оноо авч, долоо, наймдугаар байрын тамирчидтай ижил оноотой гарсан ч 10 дээр буудсан чанараараа есөд жагсаад финалд орж чадсангүй. Энэ бол тийм муу оноо биш. Харин хийн гар буунд О.Гүндэгмаа 379 оноогоор 20, Ц.Мөнхзул 378 оноогоор 35 дугаар байрт орсон. Нэгхэн онооны хооронд 15 хүн байна гэхээр нягтрал өндөр байна гэсэн үг.

Спорт гар бууны хувьд Ц.Мөнхзул түргэн буудлагадаа тактикийн алдаа гаргаад финалд шалгарахад хоёрхон оноо дутлаа. Гүндэгмаагийн хувьд тогтоол буудлагаа жаахан тааруухан эхэлсэн. Гэхдээ Гүндэгмаа үнэхээр сайн тамирчин гэдгээ харуулж, дээшээ маш эрчимтэй ахисан. Харамсалтай нь финалд ороход гурван оноо дутлаа. Тэгээд 11, 12 дугаар байр эзэллээ.

Бид Бээжингийн олимпийн өмнө финалын бэлтгэлийг хоёр сарын турш маш эрчимтэй хийсэн. Үүний хүчинд мөнгөн медаль авч байлаа. Харин энэ удаа тэр үеийнхээс ч илүү бэлдсэн. Тиймдээ ч дотроо их бардам байв. Хэрэв финалд орсон бол манай хоёр тамирчин илүү онох байсан. Сая Грек, Германы тамирчин 25 суманд 18, 19 оносон амжилтаар алт, мөнгөн медаль авлаа. Гэтэл манай тамирчид тогтмол 19- 22-ын хооронд онож байсан. Гэвч финалаас өмнө тогтоол буудлагадаа жаахан алдаа гаргачихлаа. Гүндэгмаагийн хувьд гохны тохиргоо жаахан өөрчлөгдсөн байсан. Тэр даруй үйлчилгээ хийлгүүлээд буудсан л даа. Гэхдээ тийм юмнаас боллоо гэсэн шалтаг хэлмээргүй байна. Бид бэлтгэлээ сайн хийсэн, боломжоороо амжилт гаргасан. Одоо эргээд харахад манай тамирчид бүр хойшоо шидэгдсэн биш, яг финалын ардхан талд зогсож чадаж байна. Энэ бол Монголын буудлагын спортын хөгжил өндөр түвшинд явааг харуулж байна. Тамирчид маань бүр муу амжилт үзүүлсэн бол би нэг юм бодно. Харин бүгдээрээ боломжийн амжилт гаргасан ч финалд л орж чадсангүй.

- Хүссэн амжилтаа гаргаж чадаагүйн учир шалтгааныг хайж үзэв үү?

- Сая Афин, Бээжин, Лондоны олимпийн аваргууд бүгд финалд шалгарсангүй. Мөнгө, хүрэл медальтангууд бас мултарлаа. Дандаа битүү морьд эхний байруудад орсон. Хууччуулаас ганцхан Гүржийн Н.Салуквазе финалд шалгарч, “Би зургаад орсондоо их баяртай байна” гээд ярьж байна лээ. Миний харснаар Азийнханд нэлээд халтай наадам болов уу гэж санагдсан. Манайхан Сиднейн олимпод тив алгасаж ороод тааруухан амжилт гаргасан. Сая Латин Америкийн оронд очоод бас л санаанд хүрэх амжилт гаргаж чадсангүй. Тэгэхээр цаг агаарын байдал бага зэрэг нөлөөлөв үү гэсэн хувийн таамаг байна. Сая ард түмэн биднээс медаль л харуулдаж байсан. Манай тамирчид онодог оноогоо оносон ч финалаас нэг, хоёр оноо л дутлаа. Үүнд ямар нэг шалтаг шалтгаан эрж, бие бие рүүгээ буруугаа чихэх шаардлага алга. Бүх бурууг би өөрөө үүрнэ.

- Бээжингийн олимпод О.Гүндэгмааг буудахаас өмнө та “24 цагийн дараа Монгол Улс анхны медалиа хүртэх болно” гээд бичлэг хийж байсныг санаж байна. Тэр үед таныг өөртөө, тамирчиндаа ямар их итгэлтэй байсныг ойлгосон. Харин энэ олимпод тийм мэдрэмж төрж байв уу?

- Бээжингийн олимпод үндсэн онооноос гадна финалын оноог нэмж медальтнаа тодруулдаг байсан. Бидэнд асар том боломж байгааг мэдэж байсан учир тийм ярилцлага өгч, хэвлэлээр цацсан юм. Сая бол манай хоёр тамирчин шагналын тавцанд зэрэгцээд зогсоно гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ юу ч болоогүй байхад зарлаад яах вэ гэж бодсон юм. Сая Гүндэгмаагийн хувьд техник, ажиллагаа, гар өргөлт маш гоё байлаа. Зөвхөн гохон дээр жаахан алдаа гарсан. Би дотроо юу бодож байсан гээч. Манай хоёр тамирчин аваргын төлөө хоорондоо өрсөлдөх гээд үлдчихвэл “Ура” хашгираад гараад явчихна гэж бодсон. Хоёр Монголын аль нь ч түрүүлсэн яадаг юм. Иймэрхүү зүйл бодож байсан боловч чадсангүй. Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэг үг л бодогдож байлаа.

- Гүндэгмаа баатар зургаа дахь олимпдоо орсон нь бахархалтай. Гэхдээ нөгөө талаар энэ хүнийг дийлж гарч ирэх дараагийн үе хангалттай сайн бэлтгэгдэж чадахгүй байна уу гэж бодогдох юм. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

- Халз тулааны спортод нэг жинд нэг л тамирчин өрсөлддөг учраас удаан хичээллэсэн хүн бусдыгаа гаргаж ирэхгүй хаагаад байдаг. Харин манай буудлагад ДАШТ, Дэлхийн цомд гурван хүн ордог. Тэгэхээр Гүндэгмаа баатар бусдыгаа хаагаагүй, хажууд нь нэмж хоёр хүн орох бололцоо байгаа. Хамгийн сүүлийн ДАШТ-д манайх багаараа Хятадтай тэнцсэн бол онооны чанараар өмнө нь орох боломжтой байсан. Гэвч сүүлийн хүн муу буудсаны улмаас хоёр оноогоор хоцорч, багаараа мөнгөн медаль авч байлаа.

Өнөөдөр Монголын буудлагын спортыг Гүндэгмаагаар төлөөлүүлж ярьж байгаа. Гэтэл цаана нь Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг гээд дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан сайн тамирчид байна. Манай “Аварга” клуб дээр гэхэд залуу охид бэлтгэл хийж байгаа. Тэгэхээр залгамж халаа хангалттай сайн. Өнгөрсөн жил Кувейтэд болсон Азийн АШТ- д манай залуу охид хувиараа болон багаараа мөнгөн медаль авлаа. Энэ бүх амжилт хүмүүст сонсогдохгүй болохоор залуу тамирчид гарч ирэхгүй байна гэж ойлгоод байх шиг.

- Дараагийн дөрвөн жилийн циклийг ямраар харж байна вэ. Бид Токиогийн олимпод амжилт гаргахын тулд юун дээр анхаарах ёстой бол?

- Миний тооцоогоор бид Риод дор хаяж таван тамирчинтай орохоор байсан. Гэвч жаахан аз дутаад яг урдуураа таслуулсан тохиолдол зөндөө бий. Энэ бол бид дотроо шүүн тунгааж, засаж залруулах ёстой юм. Харин Токиогийн олимпод манайх илүү олон эрх авна гэдэгт итгэлтэй байгаа.

Мэдээж ямар ч тэмцээнд дээгүүр өрсөлдөх тамирчнаа оролцуулах үүднээс дотоодын сонгон шалгаруулалтаа сайн хийх хэрэгтэй. Дотоодын өрсөлдөөн сайн байх тусам бид гадаадынхныг ялна. Мөн хувь тамирчны ур чадвар сайжруулах тал дээр илүү анхаарна. 2017 онд залуучуудын ДАШТ-тэй. Дараа жил нь насанд хүрэгчдийн ДАШТ болно. Бид эндээс хамгийн түрүүнд олимпийн эрхээ авах бодолтой байна.

Өнөөдөр Хятадад 10 сая хүн буудлагаар хичээллэж байна. Гэтэл Монголд 200 хүрэхтэй үгүйтэй. Бид цөөхүүлээ мөртлөө онож чадаж байгаа нь нэгийг хэлээд байгаа биз. Сая спортын удирдлагууд маань тэр чигээрээ солигдчихлоо. Одоо шигшээ баг шинээр байгуулагдах байх. Улс орны эдийн засаг хүнд байгаа нь спортод яаж нөлөөлөхийг хэлж мэдэхгүй байна. Ер нь залуу боловсон хүчнээ бэлдэх шаардлагатай. Би Москвад Биеийн тамирын академийг буудлагын дасгалжуулагч мэргэжлээр төгсөж ирээд 20-иод жил болчихож. Одоо би хуучирч, хөгшин дасгалжуулагчийнхаа эгнээнд ордог болчихлоо. Тиймээс бид залуу дасгалжуулагч гарган ирж, боловсон хүчнээ сайжруулахгүй бол болохгүй нь. Дандаа тамирчин гэж явсаар байтал боловсон хүчингүй боллоо.

Морь өөрөө хурдан байж болно. Гэхдээ уяачгүйгээр хурдлахгүй. Харин олон сайн уяачтай байж морь хурдална. Талийгаач Г.Лхагвасүрэн багш “Үг сонсдоггүй, ярьдаггүй, ойлгодоггүй амьтныг монголчууд хурдлуулж чаддаг. Тэгвэл яриад, ойлгоод, өөдөөс хариулдаг, санаа бодлоо солилцдог хүнийг бид байн дээр онуулж чадах л ёстой” гэдэг байж билээ.

- Буудлагын одоогийн дүрэм дахин өөрчлөгдөнө гэж сонссон. Дүрмийн өөрчлөлт бидэнд яаж нөлөөлөх бол?

- 2017 онд дахиад өөрчлөгдөнө. Финал хурдан буудлагаар явагдана. Гэхдээ хасагдахаар биш, үргэлжлүүлээд буудаад байх юм. Монголын сургалт хурдан буудлагадаа сайн учраас манайд ашигтай хэвээрээ л байна.

Энэ дүрмийг Тайландад болсон Дэлхийн цомын тэмцээнд туршиж үзсэн юм. Хурдан буудлагаар маш олон сум буудах юм байна лээ. Улс болгоноос нэг нэг тамирчин өрсөлдүүлэхэд О.Гүндэгмаа түрүүлсэн.

- 10 жилийн дараах Монголын буудлагыг та ямраар төсөөлж байна вэ?

- Миний нас хүрэхгүй ч байж магадгүй. Гэхдээ олон тамирчин олон төрөлд олимпийн медалийн төлөө өрсөлдөх хэмжээнд хүрсэн байна гэж итгэдэг. Товчхондоо бол 10 жилийн дараа манайхны амжилт огт өөр болно гэдгийг баттайгаар хэлж чадна.

Одоо дэлхийд Германы, Хятадын, Оросын гээд тус тусдаа сургалт байна. Энэтхэгчүүд Бээжингийн олимпод буудлагаар анх удаа алтан медаль авсны дараа дунд сургуулийнхаа хөтөлбөрт буудлагын хичээлийг оруулчихлаа. Өмнөд Солонгосын хөтөлбөрт бас бий. Ийм олон хүүхэд дундаас шигшиж байгаад авьяастай, чадвартай, хөдөлмөрч тамирчныг гаргаж ирж байна. Улс ингэж бодлогоор дэмжиж байж тухайн спорт хөгжинө.

Буудлага өртөг өндөр спорт л доо. Тэр утгаараа хөгжихөд жаахан хүндрэлтэй. Гэхдээ монголчууд юмыг маш хурдан сурч, төгс хийж чаддаг. Тиймээс бидэнд боломж бий.

- Та сая Орос, Германы сургалт гэж ярилаа. Монгол сургалт гэж байна уу?

- Монголын буудлагын сургалтын системийг бий болгох гээд үзэж байна. Гар бууны тухайд Монголын школ гэж бий болчихсон. Монголын тамирчдын хурдан буудлагыг хар даа гээд гаднынхан судалж, бичлэг хийдэг. Би энэ хурдан буудлагын техникийг Ц.Өлзийбаяр багшаасаа сурсан. Тэр эрдмээ О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул гээд дараа үеийнхэнд өвлүүлж байна. Одоо гаднынхан Монголын буудлагын сургалт гэж ярьдаг болчихсон. Ялангуяа гар бууны сургалтыг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Пакистанд ажиллаж байгаа Оросын багш Гүндэгмаагийн буудахыг хараад “Танай тамирчин гайхалтай буудах юм аа. Би бүр хараад алмайрдаг. Яг симфони хөгжим сонсож байгаа мэт санагддаг” гэж байсан.

- Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл сонирхон асууя. Токиогийн олимпийн циклд та шигшээ багийг удирдах уу?

- Спортын салбарын удирдлагад ямар хүн гарч ирэх, гарч ирсэн нь намайг сонгох, эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Ер нь гаднаас хэд хэдэн урилга ирсэн. Гэхдээ би ямар нэг шийд гаргаагүй. Мэдээж эх орныхоо саналыг харна. Бас энэ сайхан клубээ үргэлжлүүлэн авч явна гэж бодоод хоёр ч тамирчинд дасгалжуулагчийн эрдмээсээ зааж байна.

- Ярилцсанд баярлалаа.

- Энэ жил зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 70 жилийн ой болж байна. Буудлагын спорт арми, зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой. Эх орон байж зэвсэгт хүчин байна. Зэвсэгт хүчин байсны үндсэн дээр мэргэн буудагчид байна. Тиймээс зэвсэгт хүчнийхээ нийт бие бүрэлдэхүүнд танай сониноор дамжуулаад баярын мэнд дэвшүүлье.

Comments


Recent Posts
3.png
8.png
Аварга клуб
Пара холбоо
​​Ярилцлага
Тамирчдын мэдээлэл
bottom of page