О.Гүндэгмаа: Хоёр удаа буу гацсан
Солонгосын Чанвон хотод болсон тэмцээнээс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа Монголын тамирчдаас хамгийн түрүүнд 2016 оны олимпод оролцох эрхээ авсан билээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн бөгөөд түүнийг дасгалжуулагчийнх нь хамт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзан санал солилцлоо. Салбарын сайд нь О.Гүндэгмаа гавьяатад баяр хүргээд шаардлагатай гэсэн бүх зүйл дээр яамны зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Тэгвэл буудлагын холбооны удирдлагууд болон дасгалжуулагч Л.Ундралбат ярихдаа “Хамгийн гол нь хил гаалийн асуудал байгаа юм. Арай гэж сумны асуудлаа шийдэхээр гааль дээр ирээд бүтэн жилээр саатдаг. Үүнээс болоод тамирчдын бэлтгэл тасалдах тохиолдол гарч болзошгүй. Тиймээс энэ тал дээр анхаарлаа хандуулахыг хүсье” гэв. Уг уулзалтын үеэр хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаатай цөөн хором ярилцлаа.
-Хамгийн түрүүнд эрхээ авлаа. Тэмцээнийхээ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү?
-Баярлалаа. Тэмцээний талаар ярихаасаа өмнө намайг өдий олон жил дэмжиж, үргэлж урам өгч байсан спортод хайртай Монголын ард түмэн, “Алдар” спорт хорооны хамт олон, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, гэр бүл, найз нөхдөдөө чин сэтгэлээ талархал илэрхийлье. Та бүхнийхээ дэмжлэгээр зорьсон зорилгоо биелүүлж эхний даваагаа давлаа. Цаашид үлдсэн 10 тамирчиндаа дэмжлэг болж, бэлтгэл сургуулилтад нь тусалж буудлагын спортоор илүү олон тамирчин эрх авахын төлөө хамтдаа хичээнэ. Тэмцээний зохион байгуулалт сайн байсан. Өрсөлдөгч нар ч гэсэн илт сайжирсан нь харагдсан. Ялангуяа залуу тамирчид нэлээд сайн буудсан.
-Манай бусад тамирчны талаар юу хэлэх вэ?
-Буудлагын шигшээ багт 11 тамирчин байдаг. Тэднээс хамгийн эхний эрхийг нь би авлаа. Одоо дөрвөн тэмцээн үлдсэн. Манайхны бэлтгэл сайн байгаа учраас дараагийн тэмцээнээс эрхээ нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Сая болж өнгөрсөн тэмцээнд бага зэргийн алдаа гаргасан тал бий.
-Тэмцээнд оролцох зардлаа яаж гаргав?
-Ерөнхийдөө өөрсдийн боломжоороо зардлаа гаргаад явсан. Олонхи тамирчин хувийн зардлаар тэмцээнд оролцсон учраас бага зэрэг хүндрэл гарсан. Энэ бол нэг удаагийн тохиолдол биш. Өмнө нь ч гэсэн мөнгө төгрөг байхгүй гэх шалтгаанаар гурван ч удаагийн тэмцээнд тамирчид хувиасаа зардлаа гаргаж тэмцээнд оролцсон. Уг нь бид улсын шигшээ багийн тамирчид. Гэтэл улс маань мөнгө байхгүй гээд тамирчдынхаа зардлын асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь харамсалтай. Тамирчдын хувиасаа гаргасан зардлыг улс буцааж төлнө байх гэж найдаж байна. Энэ бүхэн тогтоол шийдвэрээр баталсан зүйл шүү дээ.
-Олимпийн эрхээ авлаа. Дараа дараагийн тэмцээнд оролцох уу. Эсвэл зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулаад явах уу?
-Олимпийн эрх авна гэдэг нэг алхам урагшиллаа гэсэн үг. Энэ жилийн хамгийн эхний тэмцээнээсээ шууд эрхээ авсан. Гэхдээ цаашид тэмцээн уралдаанд боломжоороо оролцоод явна.
-Тэмцээний үеэр таны буу гацсан гэж сонслоо. Юунаас болоод тэр вэ?
-Тийм ээ, хоёр ч удаа гацсан. Буу гацсан шалтгаан нь таамаг төдий л байна. Буу гацсанаас болоод торгууль хүртэл хүлээсэн. Гэхдээ финалд сайн буудаж түрүүллээ. Хэрвээ олимпийн үеэр ийм асуудлаас болоод медальгүй үлдвэл бидний хувьд үнэхээр харамсалтай хэрэг болно. Энэ бол зөвхөн миний асуудал биш. Шигшээ багт багтдаг буудлагын 11 тамирчны эрх ашиг давхар явж байгаа юм. Ер нь буудлагын тамирчдынхаа техник хэрэгслийг шинэчлэх цаг болжээ гэдгийг сая болж өнгөрсөн тэмцээний үеэр анзаарлаа. Миний хувьд л гэхэд нэгэнт эрхээ авсан юм чинь одоо буугаа захиалж аваад, шинэ буундаа дасч баймаар байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Азийн наадмын өмнө сум маань жил гаруйн хугацаагаар гааль дээр саатсан. Энэ мэтчилэн хүндрэлтэй асуудал мэр сэр гарч л байна. Гэсэн ч амжилтаа үзүүлээд л явж байгаа. Өнгөрсөн жил л гэхэд дэлхийн аваргаас багаараа алтан медаль авлаа. Азийн наадмаас нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн.
-Зургаа дахь олимпдоо оролцохоор боллоо. Юу бодогдож байна вэ?
-Яах вэ, би бусдын л адил ажлаа хийгээд явж байна. Буудлага бол миний мэргэжил шүү дээ. Эмэгтэй хүнийхээ хувьд зургаа дахь олимпийн наадамдаа дараалан оролцох гэж байгаа нь сайхан л хэрэг. Ар гэртээ санаа зовох зүйлгүй байгаагийн л ач тус юм болов уу. Миний ар гэр, үр хүүхдийг минь найдвартай харж ханддаг эрхэм хүмүүс байгаагүй бол би өнөөдөр тайван бэлтгэл сургуулилт хийгээд, тэмцээнд оролцоод явж байхгүй байсан биз. Олон хүний дэмжлэгийг авч байгаа учраас тэдний сайхан сэтгэлийг амжилтаар хариулах нь миний үүрэг гэж боддог.
-Риогийн олимпод Монголын мэргэн буучид хэр амжилт үзүүлэх бол?
-Хүн бүр л амжилт үзүүлэхийн төлөө хичээх байх. Миний хувьд ч гэсэн ялгаагүй. Манайхны хувьд юун түрүүнд эрхээ илүү нэмэгдүүлэх зорилготой. Өмнө нь манай улс дээд тал нь гурван эрх авч байсан. Тэгвэл Риод олуулаа оролцохыг хүсч байна. Манай тамирчдад тийм боломж бий. А.Даваахүү, Ц.Мөнхзул, Н.Баярцэцэг, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Н.Бишрэл гэх мэт эрхээ авах боломжтой, чадалтай тамирчин ихтэй шүү дээ. Тийм болохоор бид бусад спортын төрөл шиг олуулаа олимпод оролцмоор байна. Тэгвэл ядаж л манай буучдын сэтгэл санаа өөдрөг байх болно. Ирэх сард олимпийн эрх олгох ээлжит тэмцээн бий. Түүнд манай тамирчдаас ганц, хоёр эрх авах болов уу гэж найдаж байна. Олимпоос өмнө эхлээд эрхээ авах нь бидний зорилго. Дараа нь олимпийн тухай ярихад оройтохгүй болов уу. Миний хувьд олимпийн медалиа ихэрлүүлэх хүсэл, эрмэлзэлтэй байгаа.
-Шинэ дүрмэндээ хэр хурдан дассан бэ? -Одоо бол ямар нэгэн асуудалгүй. Шинэ дүрмээр тэмцээнээ явуулаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. 5-6 тэмцээнд оролцож тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн болохоор шинэ дүрмэндээ дассан гэхэд болно. -Шинэ залуу тамирчид нэлээд ихээр хүч түрэн орж байгаа харагдсан. Хэр хүчтэй байна вэ? -Шинэ залуу гэж харж болохгүй. Буудлагын спорт дэлхийд жигдхэн хөгжсөн болохоор аль ч орны тамирчин амжилт үзүүлэх магадлалтай. Сая л гэхэд хийн бууны дасгалд Оросын залуу буудагч түрүүлж байх жишээтэй. Ер нь бол залуу тамирчдын ур чадвар нэлээд дээшилсэн болохыг дэлхийн цомын цуврал тэмцээнүүдээс харж болно. Муу тамирчин байгаагүй. -Та сайдтай уулзахдаа бууны асуудлыг нэлээд хөндлөө. Энэ тухай бага зэрэг дэлгэрүүлж болох уу? -Манай тамирчдын хувьд яалт ч үгүй буу, сум бол том асуудал байдаг юм. Сум маань одоо талдаа орчихлоо. 2015 он эхний хагастаа ч ороогүй байхад шүү дээ. Дээрээс нь нийт тамирчдын буу хуучирсан байна. Бүх тамирчны бууг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Ер нь эрхтэн буугаа захиалж авахгүй бол ирэх жил сонгуультай учраас буу, сумыг хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Бас манайханд шинэ буундаа дасан зохицохын тулд багагүй хугацаа шаардлагатай. Тиймээс л бууны асуудлыг аль болох эрт шийдэж өгөөч гэж яриад байгаа юм. -Дараагийн дэлхийн цомд оролцох уу? -Дасгалжуулагчтайгаа ярьж байгаа шийднэ. Бараг үгүй л болов уу гэж бодоод байна. Б.МӨНХЗУЛ Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин
Komentáře