Сонгомол гар буу
Сонгомол гар буу нь 50м зайнаас нэгээр сумлаж бууддаг энэ дасгалыг зөвхөн эрэгтэйчүүд олимп, тив, дэлхийн аваргын тэмцээнд буудна. Пардини, ТОЗ-35, МЦ-55, Морини, Стейр, Вальтер, Хаммерли, Мач Ган зэрэг загварууд байдаг.
Сонгомол гар буу гэдэг утгаараа гохны жин хязгааргүй, бариул нь бугуйны үенээс хэтрэхгүй байх шаардлага тавигддаг. Бууны гох нь ихэнхдээ механик байх боловч гохны алдаа гаргахгүй үүднээс сүүлийн үед электрон гохтой болгон өөрчлөгдөн сайжирч байгаа.
Бидний хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг байсан ТОЗ-35 бууны гохны талаар хүн бүрийн мэддэггүй гохны тохиргоог сонирхуулъя. ТОЗ-35 бууны гохны механизм нь Шнеллерийн системээр ажилладаг бөгөөд гох дарах өнцөгний тохиргоо нь нэлээд нарийн хийцтэй байдаг.
Гохны механизмыг задалж үзвэл: Гох нь өнцөгтэй дарагдах хэсэг нь харагдаж байна. Энэ зураг
дээрээс сайн харцгаая. Гох дарахад гохны дарагдах өнцөг буюу чиглэл өөр өөр байгааг анзаарч байгаа гэдэгт найдаж байна. Гохны доороос харсан байдлыг та бүхэн харж байна. Гохны дарагдах талбай буюу самбарыг салгаад харахад гохны хөшүүрэг нь дундаа ховилтойгоор хийгдсэн байдаг. Энэ ховил нь гох дарагч өнцгийг хааш нь дарагдаж байгааг илэрхийлдэг юм. Зарим буудагч нар гохны энэ нарийн тохиргоог мэддэггүй учраас энэ бүгдийг дэлгэрэнгүй хэлж байгаа билээ. За одоо бид гохоо хаашаа, ямар өнцгөөр дарагддагийг мэдээд авсан.
Гох дарагдах байдлыг хэрхэн сайжруулах вэ?
Үйлдвэрийн хийцээр байгаа бууг гох дарагдах өнцгийг сайжруулах талаар бага зэрэг зөвлөгөө өгье. Олон жил буудсан хашир туршлагатай буудагч нар оноогоо хэрхэн сайжруулах талаар дандаа гаргалгаа гаргаж, эрэл хайгуул хийж явдаг. Тэгээд буудагчид гохны механизмын дарагдах өнцгийг өөрчлөх санаа гарсныг энд өгүүлмээр байна. Гэхдээ гохны хөшүүргийг халааж байж хийхгүй бол хугарах аюултайг санахад илүүдэхгүй биз.
Гохны хөшүүргийг өнцөгтэй болгосноор дээр өгүүлсэн дарагдах хүчний чиглэл зөв байх ёстойг мартаж болохгүй.
Хайдуровын зохиосон буугаар Олимпийн наадам, дэлхийн аваргын тэмцээнд олон удаа түрүүлсэн, дээд амжилтууд тогтоож байсан. Миний бие Хайдуровтай Москвагийн биеийн тамирын сургуульд сурч байхдаа уулзаж, биечлэн
зөвлөгөө авч байснаа “Амьдралд тохиох том хувь заяа” гэж боддог. Тэрээр Монголоор “Сайн байна уу?” гэж эхэлж мэндлээд яагаад миний хийсэн бууг өөрчлөх болсон тухай асууснаар бидний яриа эхэлсэн билээ. Бууны хүндийн төв буюу “баланс”-ын талаар, буудлага болох үед тийрэлт гарах агшинд буунд гарах өөрчлөлтүүд зэрэг олон зүйлийг хэлж, зөвлөснөөр энэ талаар миний сонирхол улам нэмэгдэж, бууны талаар сонирхох болсон юм. Учир нь 1986 онд ТОЗ-35 бууны цэнэглэх байдлыг Хаммерли бууныхтай адилхан болгочихвол зүгээр юм шиг санагдаад ... 1987 онд өөрчилж түүгээр буудаж үзэв. 1987 онд Бээжинд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 50м-ийн зайд сонгомол гар буугаар 558 оноогоор хүрэл медаль хүртсэн. Багийн амжилтаар дахин хүрэл медаль хүртэж байсан удаатай. Сөүлийн Олимпийн наадамд оролцох эрхийг анх авч байсныг сүүлд мэдсэн юм даг. Алтан медалийг Олимпийн аварга Ванг И Фу, мөнгөн медалийг БНХАУ-ын анхны олимпийн аварга Ши Хай Фэн нар авч би удаалсан. Анхны финалтай тэмцээн болж, яаж финалдаж байгаа учраа сайн ололгүй, буудаж байснаа санадаг юм... Тэр амжилт гаргасан ТОЗ-35 буугаа бууных нь зохион бүтээгч Хайдуров гуайд өөрт нь өөрчилснөө үзүүлэн бодлоо хуваалцаж, миний толгойны “түгжээг мулталсан” гэж хэлж болно. Харин надад: “-Чи үнэхээр сайн бодож хийжээ. Гэхдээ энд байгаа хөшүүрэг чинь бууны балансад маш хамаатай. Бууны хүндийн төв ... гэдэг ийм байдаг гээд олон зүйлийг зурж өгч, хараа шугам урт байх богино байх талаар гохны ажиллагааны талаар мөн олон зүйл хэлж өгсөн юм. Хэдхэн сарын дараа ОХУ-ын гар бууны дасгалжуулагч нарын хэдэн өдрийн семинар болоход ангийн багшид: “-Танай ангид нэг Монгол оюутан байгаа. Түүнийг миний хичээлд суулга” гэж хэлж, намайг хичээлээс чөлөөлүүлэн аваад өөрийнхөө семинарт суулгасан билээ. Бэлтгэлийн үед энэ буугаар нэгэн удаа 97, 99, 97 онож байсан бол 1986 онд 95 92 97 95 95 95 онож 569 оноогоор улсын дээд амжилтыг тогтоож байлаа. Одоо ч гэсэн энэ дээд амжилт байгаа. Харин миний өөрчилсөн загвартай төстэй ТОЗ-35 бууг 1995 онд гаргасан байсныг тивийн аваргын тэмцээнд явж байхдаа Узбекстаны тамирчдын барьж байгаа буунаас харсан юм..
За ингээд цааш нь өөрчлөлтийн тухайгаа эргэн оръё.
Гохыг улам боловсронгуй болгохын тулд Италийн Пардини гохны электрон механизмыг ашиглан ТОЗ-35-д тавьж сайжруулж хийжээ. Үүнийг Орос гаралтай Австрийн тамирчин Игорь санаачилсан юм.
Тэрээр олон янзын буунуудыг сайжруулан хялбар болгох талаар олон оролдлого хийгээд байгаа нэгэн. Түүний сайжруулан электрон болгож байгаа гохны загвараас толилуулж байна.
ТОЗ-35 загварын бууны хараа самбарын суурин дээр Австрийн Стейр хийн гар бууны хараа самбар тавибал илүү тохиромжтой засвар хийж болохоос гадна цэвэрхэн харагддаг. Харааны дунд зай нь холдож ойртох, нарийн засварууд хийгдэх зэрэг сайн талуудтай.
Бууныхаа мөн чанарыг таньж, буугаа “Хоолны халбага” шигээ эзэмшсэн байгаарай гэж захих байна.