top of page

Монголын хамгийн анхны буудлагын залуучуудын багийн дэлхийн аваргуудыг бэлтгэсэн нь

Монголын буудлагын спортын хөгжлийн эхлэл

 

        1955 онд БНХАУ-ын Бээжин хотод Монголын армийн буудагчид олон  улсын тэмцээнд оролцсон анхны тэмцээн байлаа. Удалгүй 1958 онд Монголын буудлага спортын холбоо албан ёсоор үүсгэн байгуулагдсан юм.

ЗХУ-д зэвсгийн мэргэжлээр төгсөж ирсэн, 1958 онд МБСХ анх байгуулагдаж байхад анхны шигшээгийн дасгалжуулагчаар томилогдон ажиллаж байсан, спортын мастер Шадавцоодол гуай нь ЗХУ-аас Монголын ардын арми (МАА буюу одоогоор Зэвсэгт хүчин) зэвсэг захиалах агшинд спортын зориулалттай  хэд хэдэн буунуудыг хамт захиалж, спортын тамирчид буутай болж байсан түүхтэй байдаг юм билээ...     

 

          Зэвсэгтэй болсон тэр үеэс Монголын буудагчид олон улсад бууддаг төрөл болох урт буугаар хэвтээ, 3 байдлаас буудах, гар буугаар тогтоол буудлага, хурдан буудлагын төрлүүдийг бууддаг болсон.

 

               Монголчууд бид 300м, 100м, 50м, 25м зайд бууддаг төрлүүдээр буудаж байсан бол дэлхийн буудлагын чиг хандлага 10м зайнаас хийн буугаар бууддаг төрөл нэмэгдэж, дэлхийн жишигийг даган энэ бүгдийг эх орондоо хөгжүүлэхийг залгамж халаа бид чармайж байгаа билээ.

 

                 Гар буугаар буудах дасгалууд

"Угзараа хар"

           Монголын гар бууны ахмад тамирчид бууддаг дасгалаа өөрсдөдөө хялбар аргаар гэх юм уу? Монгол ухаанаар нэршсэн нь нэлээд байдаг.  Жишээлбэл: Спорт гар бууны дасгалыг “30+30”, сонгомол гар бууг “Мач гар буу”, хурдан буудлагыг “Олимпийн хурдан буудлага”, стандарт гар бууг “Угзараа хар” гэх мэтээр нэрлэсэн байдаг. Монголчууд бид ургамлын тосыг “9-ийн тос” (Тухайн үед 9 төгрөгөөр зардаг байсан ургамлын тос) гэж нэрлээд заншчихсан. Том калибрийн гар бууг одоогоор төвийн галтай гар буу (Center fire pistol)-г “Наган” гээд нэршээд хэвшчихсэн байгаа.

 

        “Угзараа хар” буюу стандарт гар бууны дасгалыг ахмад тамирчид олон сум дараалан буудахдаа гох угзардаг байсан болоод ийнхүү нэрлэсэн байх. Тэгээд ч улсын маань эдийн засаг сайнгүй байсан болохоор энэ дасгалыг сүүлийн үед буудахаа байсан дасгал болон хувирсан юм.

Дасгалжуулагчийн тооцоо

Дасгалжуулагчийн тооцоо

       Монголчууд бид байгалийн дөрвөн улиралд амьдардаг,  дасан зохицох чадвар өндөртэй хүмүүс. Ар гэрээ тэжээхийн тулд буугаар ан агнах нь амьдралын хэрэгцээ байсан болохоор бид буудлагын талаар мэдлэг, мэдээлэл, ур чадвар нь хүүхэд байхаас эхлэн тодорхой хэмжээгээр олж авсан байдаг нь бидний давуу тал юм.

 

       Эрт дээрээс уламжилж ирсэн давуу энэ байдал дээр хараад судалгаа хийж үзэхэд бид хурдан буудлагаар бусад орныхоос илүү буудаад байгаа нь ажиглагддаг. Монгол улсын гавъяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр багшийн маань надад зааж сургаснаар би хурдан буудлагыг Монголдоо бусдаас илүүтэйгээр сайн буудаж сурсан төдийгүй шавь нартаа зааж сургаж чаддаг гэж өөрийгөө тооцдог нэгэн.

 

      Дэлхийн тамирчдын үзүүлж байгаа амжилтуудыг өөрийн орны тамирчдын амжилттай харьцуулан үзэхэд нэлээд хэдэн давуу, сул талууд ажиглагддаг.  Тухайн үед бэлтгэж байсан хэдэн хөвгүүдээ бэлтгэж, устаж байгаа дасгал буюу бараг буудахаа байсан стандарт гар буу, хурдан буудлагын төрлийг хөгжүүлэхийг эрмэлзэж, тусгайлан бэлтгэж байна.

Багийн бүрэлдэхүүн

         2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн амжилтаар урт бууны эрэгтэйчүүд (ОУХМ Б.Бишрэл, Н.Баяраа, Х.Бямбабаатар), эмэгтэйчүүд (ОУХМ Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа, О.Янжинлхам), гар бууны эмэгтэйчүүд (МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг), гар бууны хөвгүүд (ОУХМ О.Төгөлдөр, СМ Г.Буянбаатар, Ш.Буянзаяа), хувийн амжилтаар гар бууны төрөлд Э.Даваахүү оролцсон юм.

Санхүү, мөнгө

    Үндэсний шигшээ багийн тамирчид улсаас зардал нь гардаг ба Испанид болж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусгаад шууд тивийн наадамд БНСУ руу бүтэн багаараа оролцохоор төлөвлөсөн байсан. Клубын системээр бэлтгэл хийж байгаа хүүхдүүдэд зардал олж, тэмцээнд явах хамгийн хүнд бэрхшээл байлаа. Олон ч найзуудтайгаа уулзлаа... сүүлдээ ар гэрээс нь зардал гарсан ч хийж байгаа зүйлийнхээ үр шимийг үзэхийн тулд өөрөөсөө хүртэл нэлээд зардал гарган тамирчдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулахаар болгосон юм.

Анхны амжилт өөрөө зүгээр ирээгүй, хоосон ч хоцорч болох байсан.

     2014 онд Испанид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гар бууны эмэгтэй тамирчид маань спорт гар бууны дасгалын тогтоол буудлагаа буудаж дууслаа. Маргааш өдөр нь хурдан буудах ёстой байв.  Бидэнд байгаа боломж  нь дасгалжуулагч төдийгүй тамирчдад ч горьдлого байгааг тооцож байгаа нь гарцаагүй.

 

  МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар эхний ээлжинд буудсан ба хувь тамирчны хувьд өрсөлдөх хэмжээнд өндөр оноогүй ч багийн амжилтын хувьд дажгүй сайн буудацгааж, 581-582 оноцгоолоо.

Дараагийн ээлж буудах дөхөж байлаа. Энэ ээлжинд ОУХМ Т.Баярцэцэг буудна.  Багийг медальд хүргэх эсэх нь багийн гишүүн бүрээс шалтгаална.  Дасгалжуулагчийн сурсан эрдмийн нэг хэсэгт  ... “ Гарааны өмнөх тамирчны байр байдлыг ажиглах” ёстой байдаг. Гэтэл Т.Баярцэцэгийн нүдний харц тогтворгүй, анхаарал төвлөрөхгүй байгаа байдлыг анзаарч мэдлээ.

Дагуулаад тирнээс гадагш гарав.  Алхангаа асуулаа. “–Урд шөнө сайхан амарсан уу? Өглөө босоод дасгалаа хийсэн үү?”  гэх мэт ойр зуурын яриа өрнүүлэн байдлыг тандлаа. Гэтэл Баярцэцэг:  “-Багшаа түрүүлэх гээд байгаа юм шиг санагдаад болдоггүй ээ” гэж байна. Бие халаалт дээр гарын хөдөлгөөн нь тогтохгүй байсан нь ийм учиртайг мэдсэн би тамирчнаа аргадаж үзлээ, зандарч үзлээ, зөвлөж үзлээ ... адаг сүүлд нь “–Багш нь чамайг хурдан буудлагаа 296 оноод гараад ирэх юм бол Пардини буу авч өгнө” гэж амлалаа. “Чи юу ч бодохгүйгээр зөвхөн 296 л онох ажиллагаа давтаад гараад ир” гэж хэллээ. Овоо дажгүй буудаад л байна.

    Буудлага дундуур ажиллагаанд шахахын тулд завсарлагаагаар дуудаж зөвлөгөө өгч байв. Буудаад дууслаа. Ингээд багаараа түрүүлчихлээ дээ гэж дотроо бодож суусныг нуух юун. Гэтэл 30-р сумаа буюу хамгийн сүүлийн сумаа 8 дээр (10. 10. 10. 10.  8) оночихлоо. Дасгалжуулагч хүний хувьд нийт тамирчдын оноог цээжиндээ тооцоолон ямартаа ч түрүүлчихэв үү дээ гэж бодож байтал БНХАУ-ын багаас 2 оноогоор дутуу мөнгөн медалийн болзол хангасан байв. Энэ нь надад хангалтгүй санагдсан. Яагаад гэвэл Т.Баярцэцэг сүүлийн сумаа 10 дээр оносон бол бид оноогоор тэнцэж, БНХАУ-ын багийн онооны төвийн оноо 54Х, Монголын багийн онооны төвийн оноо 56Х байсан бөгөөд онооны чанараар Монголчууд “Дэлхийн аварга баг” гэдэг эрхэм цолыг хүртэх байсан юм.

Чамлахаар чанга атга, чацга алдахаар тас хавч

 

    Гэсэн ч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багийн мөнгөн медалийн болзолыг хангаж, спорт гар бууны дасгалд Монголын гар бууны эмэгтэйчүүд хүчирхэг гэдгээ нотолж чадлаа. Нотолж чадлаа гэдгийг утгыг илэрхийлмээр санагдлаа ...

 

     1998 онд Монголын гар бууны эмэгтэй тамирчид багийн амжилтаар хүрэл медаль хүртэж, МУГТ До.Мөнхбаяр хувийн амжилтаар буудлагын анхны “Дэлхийн аварга” болж байсан юм. Түүнээс хойш 2006 онд Хорватын Загребт болсон ДАШТ-д эмэгтэй гар бууны тамирчид (Багийн бүрэлдэхүүнд: МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Хэрлэнцэцэг) хийн гар бууны дасгалд багийн хүрэл медальд хүртэхэд 1 оноо дутаж, спорт гар бууны дасгалд багийн хүрэл медалийг Чех улсын багтай оноо тэнцэж, онооны чанараар ялагдан дахин 4-р байр эзэлж байсан юм.

Дараагийн амжилт

 

     БНСУ-д болох тивийн наадамд оролцохоор дэлхийн аваргад оролцсон багийн бүрэлдэхүүн зорьж, би залуучуудын багаа дасгалжуулахаар Испанид хоцорлоо...

 

    Хөвгүүдийн тэмцээн эхэлж, сонгомол гар буугаар буудаад медальт байрнаас багийн цөөхөн оноо дутлаа. О.Төгөлдөр хувийн амжилтаар 552 оноогоор финалд шалгарсан. Яг үнэндээ бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авахад л сэтгэлийн ханамж авахаар байсан юм. Дараагийн төрөл болох хийн гар бууны дасгал буудаад бас л хэдэн оноо дутлаа.

Түүхэнд үлдээсэн камер

 

   Ганцаараа байдаг, хүүхдүүд буудаад завгүй болно... Тооцооллоо. Испани улсын дасгалжуулагчийг гуйж, бэлтгэл хийгээд оройтох тухайгаа учирлаад машинд нь дайгдан  дэлгүүрээс видео камер худалдаж авах тухайгаа хэллээ. Орой болсон хойно онгорхой дэлгүүрээс видео камер авч маргааш миний хүүхдүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авна гэсэн итгэл дүүрэн байлаа.

Дэлхийн аварга болсон хором

        Стандарт гар бууны дасгал буудацгааж, хувийн амжилтуудаар медальд хүрээгүй ч багийн амжилтаар “Дэлхийн аварга” гэдэг эрхэм цолыг хүртлээ.  Би ч камерныхаа зайг сайн цэнэглэсэн, хөлтэй камертай сайхан бичлэг хийж түүхэнд мөнхжүүллээ.

 

            Шагналын дээд тавцанд гарсан Монголын хөвгүүдийн нэг нь хугацаат цэргийн албан хаагч Ширгал овогтой Буянзаяа төрийн дуулал эгшиглэж, төрийн далбаа мандахад цэрэг хүн шиг ёсолсон нь бахдалтай харагдаж  байлаа.

Баярлахад учир бий ...  өдөржин найзалдаг гар утсандаа хорлогдов.

 Дасгалжуулагчийн хувьд тамирчдадаа баяр хүргээд хамт өрөөндөө хоолоо хийж идээд жаахан ярилцаж байгаад амарцгаахаар би өрөөндөө оров. Гэтэл тамирчид маань Facebook-ээр аялж, хүн болгонд баярласан талархсанаа илэрхийлсээр оройтож унтсаныг маргааш нь би анзаарсан юм. Баяр хүргэлт ба амьдралдаа хийсэн агшинг бодсон бодол нойрыг үл хүргэнэ... Маргааш дахин нэг төрлийн тэмцээн байгааг мартсан мэт ...

       Спорт гар бууны залуучуудын тэмцээн эхэллээ. Тамирчид маань чадлаараа л буудаж байгаа гэж дасгалжуулагчийн хувьд бодож, найдаж байлаа. Гэтэл нэг л биш. Анзаараад байсан чинь өчигдөрийн амжилт өнөөдрийн буудлагуудад нөлөөлсөн байгааг тэмцээний дундуур мэдлээ. Шүүгчид хэлээд 3 тамирчнаа зэрэг дуудуулаад цуглахаар нь уурсангуй загнаж, “-Хийх юмаа хийгээч, толгой дахь бодлоо авч хая” гэж зандарлаа. Гэтэл шал өөр үр дүн харагдав. Серүүдийг 46-47 онож байсан тамирчид загнуулсны дараа 49-50 онож чадсан ч 10 сумны дараа тамирчдын тэмцээн дууслаа. Багийн дүнгээр дахиад медаль авах байсан боломжоо цөөхөн оноогоор алдаж, өнгөрсөн хойно бүх учрыг мэдсэн билээ.

              Гар утас ертөнцийг гарт атгуулдаг нь гайхалтай ч гай болох газраа бас хэрэг тариад л явна. Буудлагын спорт нь сэтгэлзүйн спорт гэдгийг мартаж үл болно.

bottom of page